Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Шилийн богд уулын ойролцоо орших Талын агуйг хамгаалах ажил амжилттай болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул мэдээлэв.
Энэ нь манай орон дахь галт уулаас гаралтай хамгийн том, урт агуй хэмээн тэмдэглэгдсэн байдаг ч үер, хөрсний гулгалт, хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж байгалийн унаган тогтоц нь алдагдаж, битүүмжлэгдэх дээрээ тулж байжээ. З.Авирмэд тэргүүтэй эрдэмтэд 2015 онд санаачилга гаргаж, нутгийн иргэдийн дэмжлэг туслалцаатайгаар агуйн амсрыг нурахаас сэргийлэх ажлуудыг хийсэн аж.
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үед Шадар сайдаар ажиллаж байсан бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Талын агуйг хамгаалах ажлын хэсэг байгуулж, судалгаа шинжилгээ хийхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэхэд дэмжлэг үзүүлж байж. Тэгвэл галт уулын хүрмэн чулуун тогтоцтой байгалийн өвөрмөц дурсгалыг хамгаалах ажлыг Төрийн тэргүүний дэмжлэгтэйгээр сүүлийн жилүүдэд эрчимжүүлсний үр дүнд нурах эрсдэлээс бүрэн хамгаалж чаджээ. Агуйд нуралт, үерийн ус, мөс хуримтлагдахаас сэргийлэх чулуун тулгуур хийж, байгалийн төрхийг нь алдагдуулахгүйгээр тохижуулан, бүрэн хамгаалалтад авчээ.
Н.Мишээл