УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс үндэсний бөхчүүдээс дахин допингийн шинжилгээ авдгийг болино гэсэн байр суурь илэрхийлсэн хэмээн зарим сайтад бичжээ. Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр залруулга гаргасан байна. Үүнд “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль тогтоох дээд байгууллагын даргын хувиар үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахаа болино гэсэн байр суурь илэрхийлээгүй, ийм мэдэгдэл хийгээгүй болно” гэжээ.
2023 онд тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх хорооны хурлаас тавьсан шаардлагыг биелүүлэх ажлын хэсгийг ахалж байсан аж. Эл ажлынхаа явцын талаар тухайн үед мэдээлэл өгөхдөө “Бөх бол үндэсний спорт учраас цаашид допингийн шинжилгээ авах, эсэхийг ард түмнээс асууж, саналыг нь үндэслэж байж шийдвэрлэнэ. Засгийн газар үүнийг дангаар шийдэх боломжгүй. Үндэсний бөхийн холбоо, допингийн эсрэг байгууллага зэрэг мэргэжлийн холбооныхон оролцож байж уг асуудлыг эцэслэнэ” хэмээн мэдэгдсэн юм байна. Үүнийг гуйвуулж мэдээлсэн учраас дээрх залруулгыг хийжээ.