Цаг уур, орчны шинжилгээний газрын удирдлагууд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга нарыг хүлээн авч уулзаад нэгэн “онцгой” хүсэлт тавьжээ. Тэр нь Морин-Уулан дахь цаг уурын радарын станцыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх гэнэ. Хачирхалтай, тус станцыг Япон Улсын буцалтгүй тусламжаар одоогоос 26 жилийн өмнө буюу 1999 онд суурилуулж байж. Үүнээс хойш сэлбэг хэрэгслийг нь шинэчилж, техникийн нөхцөлийг нь сайжруулаагүй тул уг станц үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч, үйл ажиллагаа нь үе үе доголдох болжээ.
Радарын станц нь цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэхэд чухал үүрэгтэй бөгөөд хүн ам, нийгэм, эдийн засгийг аливаа эрсдэлээс хамгаалах, эрт сэрэмжлүүлэх, агаарын тээврийн салбарын аюулгүй байдлыг хангахад онцгой ач холбогдолтой. Монгол Улсын хэмжээнд ийм станц ердөө гурав бий. Тодруулбал, нийслэлд цаг уурын төв байгууллагад болон Буянт-Ухаа нисэх буудлын баруун талын Морин-Ууланд, орон нутагт Говь-Алтай аймгийн Хантайширын нуруунд байдаг. Эдгээр нь бүгд технологийн хувьд хуучирч муудсан тул шинэчлэн сайжруулах шаардлага тулгараад буй. Тэр дундаа Морин-Уулан дахь радарын станцыг даруй шинэчлэх шаардлагатай болжээ. Иймд цаг уурын байгууллагынхан япончуудад хүсэлт тавьж. Харин олон улсын байгууллагын төлөөлөгчид “Монголд радарын сүлжээ байгуулах зайлшгүй шаардлагатай”-г дурдсан ч энэ чиглэлээр хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх талаар баттай хариу өгөөгүй аж.
Н.Мишээл