“Түмэн шувуут” ХК дотоодын өндөгний хэрэглээг хангаад зогсохгүй ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс дэгдээхэй тогтмол нийлүүлж байгаагаа мэдээлэв. Тус компани сүүлийн хоёр жилийн хугацаанд шувууны аж ахуй эрхлэгчдэд 206 мянган дэгдээхэй нийлүүлжээ. Цаашид энэ хэмжээнд дэгдээхэй тогтмол нийлүүлж, дотоодын өндөгний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шувууны сүргийг сэлбэхэд хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна.
“Түмэн шувуут”-ынхан үржлийн дэгдээхэй бойжуулах шинэ инкубатороо өнгөрсөн сард ашиглалтад оруулжээ. Үүний үр дүнд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, нэг ээлжиндээ 460 мянган өндөг нийлүүлэх боломж бүрдүүлсэн байна. Мөн өдгөө “Өндөглөгчийн аж ахуй-3” төсөл хэрэгжүүлж буй бөгөөд шувууныхаа тоо толгойг нэг саяд, дэгдээхэйгээ 300 мянгад хүргэж, жилд 250-300 сая өндөг үйлдвэрлэх зорилт тавьжээ.
Ж.Сувд