БНСУ-ын Солонгосын сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн төлөөлөгчид манай улсад ирж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө явцтай танилцлаа. Тус нийгэмлэгийнхэн дэлхийн 17 улсад сүрьеэтэй тэмцэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Сүүлийн 10 жил манайд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хугацаа нь ирэх онд албан ёсоор дуусах гэж байгааг тус нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны төвийн дарга Жан Сын Жүн холбогдох албаныхантай уулзах үеэрээ сануулсан.
Энэхүү төслийн үр дүнд сүрьеэгийн эрсдэлт бүлгийн хүн амын дунд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээг тасралтгүй авч, явуулын үзлэг, шинжилгээг үр дүнтэй зохион байгуулах тогтолцоо бүрдүүлжээ. Тиймээс талууд цаашид уг төслийг үргэлжлүүлэхээр хэлэлцэж, халдварыг илрүүлэх, эмд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний арга, шинэ технологи, олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч ажиллана гэдгээ онцлов.
О.Оргилох