Улсын онцгой комиссын хуралдаан өчигдөр болж, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг уур, орчны шинжилгээний мэдээлэл болон бусад асуудлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Манай улсын нийт нутгийн 0.5 хувь нь маш хүчтэй гантай, 3.2 хувь нь хүчтэй гантай, 9.9 хувь нь гантай, 18.7 хувь нь гандуу, 67.6 хувьд нь зуншлага хэвийн байгааг хуралдааны эхэнд мэдээлэв. Тодруулбал, Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгийн зарим сумд гантай болон гандуу байгаа аж. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад ирэх өвөл хатуухан болж, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.
Улсын хэмжээнд 100 орчим сая мал өвөлжиж, хаваржих тооцоо гарчээ. Энэ онд 554.2 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Тариалангийн бүсэд 5-7 дугаар сард хур тунадас бага орж, хэт халуун өдрүүд олон хоног үргэлжилж, гантай байсан учраас ургац олон жилийн дунджаас буурах төлөвтэй байна.
Мөн дулааны цахилгаан станцуудын 24 зуухыг засаж буй бөгөөд ирэх өвлийн оргил ачааллын үед буюу арванхоёрдугаар сард 1800 МВт хүргэх гэнэ. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг ирэх арванхоёрдугаар сард ажиллагаанд оруулахаар төлөвлөж буйг хурлын үеэр онцолсон. Тус станцыг ашиглалтад оруулснаар цахилгааны хязгаарлалт хийхгүй хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдлээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хангах, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, зуншлага тааруу хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сумынхан бусад нутгаас өвс, тэжээл бэлтгэх, худалдан авах боломжоор хангах, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хадлангийн бүс нутгийг хамгаалах, нөхөн сэргээхэд анхаарах, ой, хээрийн түймэрт их өртдөг талбайн судалгааг гаргаж, холбогдох зохицуулалт хийхийг Шадар сайд, УОК-ын дарга үүрэгдэв. Түүнчлэн “Багануур”, “Шарын гол”, “Шивээ Овоо” болон орон нутгийн нүүрсний уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангах, түлш, шатахууны нөөцийг бүрдүүлэх, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтоосон хугацаанд хангуулахыг албаныханд хариуцууллаа.
Ч.Болор