“Алтан намар-2025” дотоодын төмс, хүнсний ногооны үзэсгэлэн, худалдаа өнөө жил нийслэлийн хэмжээнд 21 байр¬шилд гарах товтой байна. Үүнээс одоогийн байдлаар дөрвөн дүүргийн зарим цэгт шинэ ургацын ногоонуудыг жижиглэн болон бөөний үнээр борлуулж эхэлжээ.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Барилгачдын талбайд дэлгэсэн шинэ ногооны яармагийг өчигдөр зорьж, үнэ ханш судлав. Тус байршил дахь үзэсгэлэн, худалдаанд Сэлэнгэ аймгийн дөрвөн сумын тариаланчид, Чингэлтэй дүүргийн ногоочид оролцож байгаа аж. Хүлэмжид тарьж, ургуулсан нарийн ногоонуудын үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдээ¬гүйг худалдагчид хэлсэн. Харин ил талбайд тариалдаг төмс, хүнсний ногооны үнэ 30 хувиар нэмэгдсэн юм байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын залуу тариаланч О.Байгальмаа 2016 оноос хойш газар тариалан эрхэлж, жил бүрийн өдийд “Алтан намар” үзэсгэлэн, худалдааг зорин ирж, оролцдог болжээ. Тэрбээр тарьж, ургуулсан нарийн болон төмс, хүнсний ногоогоо борлуулахаас гадна хагас, бүрэн боловсруулж, даршилж хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлогтой. О.Байгальмаа “Өнөө жил тариа, ногооны болц өнгөрсөн жилийнхээс оройтож гүйцлээ. Учир нь цаг агаар тогтворгүй, гантай, өдөртөө хэт халж, шөнөдөө хүйтэн сэрүүн хоносноос ил талбайн тариалалтад хүндрэл үүсэж, хөрөнгө, хүч их зарцуулсан. Тиймээс тариаланчид төмс, хүнсний ногооныхоо үнийг түрүү жилийнхээс тодорхой хувиар нэмэхээс өөр аргагүйд хүрсэн. Харин хүлэмжийн ногоонууд эрсдэл багатай орчинд ургадаг учраас болц нь цагтаа гүйцэж, үнийн хувьд ч хэлбэлздэггүйгээрээ давуу талтай. Энэ жил би өргөн хэрэглээний бүдүүн, нарийн ногооноос гадна 13 төрлийн даршилсан бүтээгдэхүүнээ үзэсгэлэнд дэлгэлээ. Даршилсан ногоонууд төрөл, хэмжээнээсээ хамаараад 5000- 12 000 төгрөгийн үнэтэй. Бөөндөж авбал бүр хямдхан” гэж ярилаа.
600 граммаар савласан цэвэр зөгийн балыг 25 000 төгрөгөөр борлуулж буй нэгэн асарт гүйлгээ сайн байв. Сонирхтол, уг бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгч бүрд нэрсний чанамал бэлэглэж байсан юм. Сэлэнгэ аймгийн Шаамар сумд хувиараа зөгийн аж ахуй эрхлэгч Г.Батбаатарынх дөрөв дэх жилдээ тус үзэсгэлэн, яармагт оролцож байгаа нь энэ аж. Хямдралтай, урамшуулалтай энэхүү худалдааг байнгын хэрэглэгчид нь хэдийн андахгүй болжээ. Үүний үр шимээр аж ахуй эрхлэгчид өдөрт дунджаар 50 шил зөгийн бал элбэг борлуулдаг болсон гэнэ
Өргөн, нарийн зарим хүнсний ногооны үнийн мэдээллийг хүргэе. Төмс 3000, лууван, манжин, сонгино 4000, байцай 3500, шар манжин 8000 төгрөгийн үнэтэй. Нарийн ногоонуудаас урт ногоон, гахай, орос сортын жижиг, “Багро” өргөст хэмх 2500-7000, чинжүү 8000-10 000, ногоон лооль 4000, улаан нь төрөл, зүйлээсээ хамаараад 15 000 хүртэлх төгрөгийн ханштай байв.
О.Ундрах



