Засгийн газар “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төв цэг болгох зорилт тавьсан. Үүний хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн баг, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Гурван голын нүүдэлчид” холбооныхон хамтран Хэнтий аймаг дахь түүхэн аялал жуулчлалын маршрутыг тодорхойлж, “Google map”-д бүртгүүлэхээр ажиллаж эхэлжээ. “Алтан цагариг” хэмээн нэрлэсэн энэхүү маршрутад тус аймаг дахь байгалийн дурсгалт газрууд, үзвэр, үйлчилгээний цэгүүд, аялал жуулчлалын цогцолборуудыг багтаах нь. Өдгөө Хэнтийд түүхэн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” цогцолбор байгуулж буйг төслийн багийнхан нэмж дурдав.
Н.Мишээл