Хууль зүй, дотоод хэргийн салбарын 2026 оны төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлэг өчигдөр болов. Тус салбарт УБЕГ, ЦЕГ, Хил хамгаалах, Шүүхийн шинжилгээний, Архивын ерөнхий газар, ШШГЕГ, Дотоод хэргийн их сургууль, Гадаадын иргэн, харьяатын зэрэг байгууллага харьяалагддаг. ХЗДХЯ-ныхан эдгээр байгууллагаас санал авч нэгтгээд, ирэх онд нийт 3.6 их наяд төгрөгийн төсөв батлуулахаар ханджээ. Харин Сангийн яамнаас үүнийг нь хянаад, 1.3 их наядаар хязгаарыг нь баталсан аж. Төсвийн эл хязгаарт нийцүүлэн дахин санал авахад 2.9 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гаргасан аж. Энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар “Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай тооцооллын дагуу гаргаж ирүүлсэн санал” хэмээн тодотгосон. Аливаа төсөвт байгууллагын нийт зардлын 70 орчим хувь нь цалин, нэмэгдэл урамшуулал байдаг гэнэ. Ирэх онд хууль зүй, дотоод хэргийн салбараас 1507 хүн тэтгэвэрт гарна, тэдний урамшуулалд 127.6 тэрбум төгрөг хэрэгтэй. Мөн тусгай үүрэг гүйцэтгэдэг салбар учраас шаардлагатай ажилтнууд дутагдалтай, үүний зардал ч чухал байгаа гэв. Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар “ШШГЕГ-т 823 албан хаагч хэрэгтэй, үүний зардалд 35.7 тэрбум, ХХЕГ-т 692 орон тоо шаардлагатай бөгөөд 38.5 тэрбумын төсөв хэрэгтэй” гэх зэргээр танилцуулсан юм. 100 хувь биш ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх хэмжээнд орон тоо, зардлыг шийдэж өгөх хэрэгтэй байгааг тэрбээр дуулгасан. Энэ мэт “зовлон” байгаа учраас Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад урсгал зардлыг нь 897.6, хөрөнгө оруулалтыг 720.1 тэрбум, нийт 1.6 их наяд төгрөгөөр нэмэхийг хүсэж буйгаа дуулгав. Түүнчлэн ирэх онд Хууль зүй, дотоод хэргийн сайд 47.8 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээжээ.
Үүний дараа харьяа байгууллагын удирдлагууд төсвөө “задалж”, яагаад нэмэлт санхүүжилт хэрэгтэй талаар тайлбарласан. Тухайлбал, Дотоод хэргийн их сургуульд нэмж 79 орон тоо хэрэгтэй байгаа нь голдуу багш нарынх аж. Үүнийг хязгаарын төсөвт тааруулж 39-өөр нэмлээ гэхэд нэг багшид ногдох ачаалал 1.5 дахин илүү байна гэв. Тиймээс тус сургуулийн захирал О.Зоригт “Ерөнхий сайд 2026 онд боловсролыг дэмжих төсөв батална гэсэн учраас бидний байдлыг анхаарч шийдвэрлэж өгөөч” гэсэн юм. Хууль зүйн үндэсний хүрээлэнд мөн найман орон тоо хэрэгтэй гэв. Тэдний төсвийн хязгаарыг 2.6 тэрбум төгрөгөөр баталсан ч нэмж 1.5 тэрбум хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.