Туулын хурдны зам барих ажлын хүрээнд нийт 132 нэгж талбар буюу 134.3 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн байна. Тэгвэл үүнээс эхний ээлжид 15 нэгж талбар газрыг Сонгинохайрхан дүүрэгт чөлөөлөөд буйг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар мэдээлэв. Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, түгжрэлийг бууруулах чухал төслийн нэг нь энэхүү хурдны зам билээ. 2.3 их наяд төгрөгөөр барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн уг бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр Хонгконгийн “Хао Юань групп” шалгарч, ажлаа ийнхүү эхлүүлээд байгаа аж.
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжлэхээр ТЭЗҮ-ийг боловсруулсан байдаг. Үүний хүрээнд 9.8 км урт гүүр, 190 метр хонгил, долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий “Exit” уулзвар барьж, Улаанбаатарыг бүсэлсэн тойрог замын сүлжээг бий болгох замаар түгжрэлийг 40 гаруй хувиар бууруулна гэж албаныхан тооцож буй.
О.Оргилох