Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд И-Монголиа болон Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 дугаарын утсаар иргэд, олон нийтээс санал авч буй. Эл санал асуулгын урьдчилсан дүнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Өчигдрийн байдлаар нийт 154 мянга гаруй иргэн төсөлд саналаа өгчээ. Төсвийн үр ашгийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэсэн асуулгад 18395 иргэн хэт тэлэлтийг бууруулах хэрэгтэй гэж хариулсан байна. Мөн 102 мянга гаруй хүн татварын хувь хэмжээг бууруулахыг дэмжжээ. Төсвийн бодлогыг эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулааны салбарт түлхүү чиглүүлж, нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлал, зам, барилга зэрэг салбараас хэмнэх боломжтой гэж иргэдийн олонх үзэж буй юм. Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явцын талаар мөн мэдээлэл өгчээ. Ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтын 1232 санал ирүүлсэн бөгөөд үүнд 11.3 их наяд төгрөг шаардлагатай гэнэ. Гэхдээ хөрөнгө оруулалтыг 9.6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ гэдгээ тэрбээр хэлсэн. Ерөнхий сайдын хувьд төсвийг ийнхүү олон нийтээр хэлэлцүүлснээр авлигыг бууруулж, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах, хүний хөгжлийг дэмжихэд бодитой ахиц гарна гэж үзэж буй аж. Мөн төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд сайд бүр санаачилгатай ажиллах, боловсрол, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх бодлогыг яаралтай боловсруулахыг салбарын сайд нарт үүрэг болголоо.