Есөн жилийн дараа Нэрт хөлбөмбөгчин К.Роналду болон түүний найз бүсгүй Жоржина Родригесийн хайр дурлалын романс есөн жил үргэлжилж буй. Тэд дундаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд баяр хөөртэй, хэцүү олон үеийг даван туулсан юм. Гэхдээ тэд хуримаа хийгээгүй байгаа.
Тэгвэл хөл бөмбөг сонирхогчдын нууцхан тээж байсан асуултын хариулт энэ долоо хоногт тодорхой болж, Ж.Родригес аварга том шигтгээ бүхий сүйн бөгжний зургийг өөрийн нийгмийн сүлжээнд оруулжээ. К.Роналдугийн гараас атгасан уг постныхоо доор тэрбээр “Тийм ээ, зөвшөөрч байна” гэж бичсэн байна. Өөр ямар нэгэн мэдэгдэл, эсвэл мэдээлэл байгаагүй ч К.Роналду түүнд гэрлэх санал тавьсан гэдэг нь энэ зургаас тодорхой болсон юм.
Тэнгэрт тулсан үнэ
Сүйн бөгжний чулууны тухай яриа тэр дороо олон нийтийн сүлжээнд хүчтэй өрнөв. Мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар зууван, эсвэл жинтүү хэлбэртэй, 15-20 каратын жинтэй ийм төрлийн алмаз нь брэндээсээ хамаарч 2-5 сая ам.долларын үнэ хүрдэг ажээ. Хэрэв уг бөгжийг Harry Winston, Graff, Cartier зэрэг үнэт эдлэлийн компани үйлдвэрлэсэн бол үүнээс ч илүү өндөр үнэ хүрэх байв.
Тэд хэрхэн танилцав
К.Роналду, Ж.Родригес нарын хайрын түүх 2016 онд эхэлсэн. Тухайн үед Жоржина Мадрид хот дахь Gucci-гийн дэлгүүрт ажиллаж байсан агаад португал тоглогч уг брэндэд тун дуртай байжээ. Анхны уулзалт нь залуусын хувь заяаг тэр даруй өөрчилсөн агаад К.Роналду “Түүний талаар байнга боддог болсон” гэж хожим өгүүлсэн бол Жоржина “Ичээд эгц харж чадахгүй байсан” хэмээн ярьсан нь бий. Хосууд 2017 оны эхээр буюу FIFA The Best арга хэмжээнд хамт оролцсоноор олны нүдэнд анх өртсөн түүхтэй.
Ж.Родригес Аргентинд төрсөн ч Испанид багаасаа амьдарсан бөгөөд дэлгүүрийн ажлаа орхиж, загвар өмсөгч, инфлюнсерийн карьер эхлүүлжээ. Тэрбээр сүүлийн есөн жилд нэрт тамирчны амьдралын салшгүй чухал хэсэг болж, эхнэрээс гадна хүүхдүүдийнх нь халамжит сайн ээжийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Гэр бүл
2017 онд Жоржина охин Алан-Мартинаа төрүүлсэн. 2022 онд тэд ихэр хүүхэдтэй болсон ч хүү нь төрснийхөө дараа эндсэн бол охин Белла Эмеральд нь эсэн мэнд үлджээ. Хосууд дундаасаа хоёр хүүхэдтэйгээс гадна К.Роналдугийн хүү Криштиану-жуниор, ихэр Эва, Мэтьюг Жоржина өөрийн хүүхэд мэт өсгөн хүмүүжүүлж буй.
2023 оны эхнээс К.Роналду Саудын Арабын “Аль-Наср” багтай гэрээ байгуулсан бөгөөд өдгөө тэд Эр-Рияд хот дахь тансаг виллад амьдарч байна. Тэд зуны амралтаараа К.Роналдугийн төрсөн нутагт буюу Марбелье, Мадейрад очдог. Мөн Дубай, Нью-Йоркт байртай.
Хурим хаана болох вэ
Хуримын талаарх мэдээлэл анх 2018 онд гарсан ч К.Роналду ойрын хугацаанд хуримлах төлөвлөгөө байхгүй гэж өгүүлж байв. Харин 2023 онд Жоржинагаас хуримаа хийх хүсэлтэй байгаа, эсэх талаар нь сэтгүүлч лавлахад “Мэдээж” хэмээн хариулж байлаа.
Өдгөө Жоржина 31, Криштиану 40 настай. Сүйн бөгжнөөс үзвэл тэд хуримаа хийх талаар бодож эхэлсэн бололтой. Тиймээс одоо ганц л асуулт үлдэж байна. Спортын ертөнцийн түүхэн дэх хамгийн их хүлээлгэсэн хурим хаана болох вэ? Португал, Испани, Саудын Араб, эсвэл өөр улсад уу?
Э.Манлайбаатар