УЕФА-ийн Супер цомын төлөө “Аваргуудын лиг”-ийн аварга Францын ПСЖ, Европа лигийн аварга, Английн “Тоттенхэм” багууд маргааш Италийн Удине хотын “Staduo Friuli” цэнгэлдэх хүрээлэнд өрсөлдөнө. Европын клубүүдийн хоёр том тэмцээний аварга багуудын тоглолтын өмнөх мэдээллээс хүргэе.
ХОЁР БАГИЙН ТУХАЙ
Аваргуудын лиг”-т анх удаа түрүүлэхдээ Парисын баг хэсэгтээ болон шөвгийн 16, шөвгийн найм, хагас шигшээд Английн багуудыг хожсон. 2025 оны амжилтын цуглуулгадаа Супер цомыг нэмэх дайралтад нь Английн баг саад болж чадах эсэх нь сонирхол татаж байна. ПСЖ-д энэ зун солилцоо наймаа өрнөөгүй ч “Аваргуудын лиг”-ийн 20252026 оны улирлын шилдэг тоглогч У.Дембеле, Шилдэг залуу тоглогч Д.Дуэ нарын авьяастан тус багт байгааг мартаж болохгүй. Францын баг одоогийн бүрэлдэхүүнээ хадгалж, өөрчлөлт бараг хийгээгүй бол “Тоттенхэм”-ийн хувьд байдал өөр. Тэд “Европа лиг”-ийн түрүүг авч өгсөн А.Постецоглуг халж, Т.Фрэнкийг дасгалжуулагчаар томилсноос гадна багийн амьд домог С.Хюн Минийг явуулсан. Мөн энэ зун М.Кудус, Т.Тель, Ж.Палинья нараар хүч нэмээд байна. Супер цомын эзэн болох нь дани дасгалжуулагчийн хувьд “Тоттенхэм”-ийн хөгжөөн дэмжигчдэд онцгой сэтгэгдэл төрүүлэх чухал ач холбогдолтой юм. Харин хөгжөөн дэмжигчид нь шинэчлэн өөрчлөгдсөн багийнхаа уяа сойлго ямар байгааг Премьер лигийн шинэ улирал эхлэхийн өмнө харах боломжтой.
МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН БАЙР СУУРЬ
А.Клементсон: -2024-2025 онд гурван цомын эзэн болсон ПСЖ 1996 оноос хойш анх удаа Супер цомын төлөө тоглох гэж байна. “Аваргуудын лиг”-т түрүүлэхдээ Английн дөрвөн өрсөлдөгчийг хожсон тус багийн хувьд энэ тоглолт улирлыг амжилтаар эхлүүлэх сайхан боломж болно. Айхтар өөрчлөлт хийгээгүй ч Мюнхеньд “Интер”-ийг 5:0-ээр хожсон гарааны бүрэлдэхүүнээ энэ удаад ч дахин талбайд гаргах өндөр магадлалтай.
М.Петти: -Шинэ багаа Т.Фрэнк анх удаа удирдаж талбайд гарна. Энэ удаад өрсөлдөгч нь Европын аваргууд болж таарлаа. Тоглогчдын сонголт, тактикийн хувьд олон зүйл сонирхол татаж байна. Дани дасгалжуулагч байгаа нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах, эсрэг багийн да вуу талыг сулруулах тал дээр маш сайн ажилладаг нь “Тоттенхэм”-ийн давуу тал болж магадгүй.
СУПЕР ЦОМЫН ОНЦЛОХ СТАТИСТИК
•Европын цом/Аваргуудын лигийн аварга баг 49 удаагийн Супер цомын 29-д түрүүлжээ.
•Супер цомд хамгийн олон (5) түрүүлсэн баг бол “Реал” юм. Тэдний ард таван түрүүтэй “Милан”, “Барселона”, дөрвөн түрүүтэй “Ливерпуль” бичигддэг. Харин тоглогчдоос Д.Карвахал, Л.Модрич тус бүр таван удаа түрүүлсэн. Дасгалжуулагчид дунд тав болон дөрвөн түрүүтэй К.Анчелотти, Х.Гвардьола тасархай тэргүүлж байна.
•Супер цомд хамгийн олон удаа баг нь түрүүлсэн улсын эхний гурван байрт Испани (17 баг), Англи (10 баг), Итали (9 баг) ордог.
•Хамгийн олон гоолтой тоглолт: Барселона-Севилья 5:4 (2015) •Хамгийн давуу ялалт: Севилья-Барселона 3:0 (2006), Атлетико-Челси 4:1 (2012) •Супер цомын 12 тоглолтын хувь заяа нэмэлт цагт шийдэгджээ.
•Хамгийн богино хугацаанд орсон гоол: 50 секунд (Д.Коста, Атлетико. 2018 он)
•Хет-трик оруулсан тоглогч: Р.Фалкао (2012), Т.Макдермотт (1977)
Н.Энх