Тоглоом тоглох нь тархины хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ. Хүмүүсийн олонх нь уг асуултад “Энэ бол цаг үрсэн зүйл” гэж хариулдаг байна. Гэвч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн олон арван судалгаагаар тодорхой төрлийн тоглоом нь тархины cognitive flexibility буюу танин мэдэхүйн уян хатан байдлыг сайжруулах давуу талтайг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, тодорхой төрлийн тоглоомыг зохих хугацаанд хэтрүүлэхгүй тоглох нь шийдвэр гаргах, анхаарал төвлөрөх, дасан зохицох чадварыг сайжруулдаг гэнэ. “Journal of neuroscience” сэтгүүлд 2023 онд хэвлэгдсэн “Видео тоглоомоос танин мэдэхүйн ашиг тус бий болгох хүчин зүйлсийн хандлага” судалгаанаас харахад action төрлийн FPS, RTS гэх мэт тоглоом тоглодог хүмүүс даалгавар хооронд хурдан шилжих чадвартай, аливаа шийдвэрийг түргэн хугацаанд, бодитой гаргаж чаддаг болохыг тогтоосон байна. Мөн таамаглал дэвшүүлэх чадвар нь тоглоом тоглодоггүй хүмүүсийнхээс даруй хоёр дахин өндөр байсан гэнэ. Гэхдээ видео тоглоом нь тархины уян хатан чанарт сайнаар нөлөөлдөг ч хэтэрхий удаан тогловол нойрны хэм алдагдаж, анхаарал сарних, нийгмээс тусгаарлагдах шинж тэмдэг илэрдэг байна.
У.Цэцэг