Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас рапс буюу тосны ургамал тариаланчдын талбайд үзлэг, шалгалт хийж, зөвлөмж өгч байна.
Сүүлийн жилүүдэд рапс, бусад тоонолжин цэцэгт таримал ургамал болох гич, төрөл бүрийн байцай, манжингийн тариалалт эрс нэмэгдэж, үүнийг дагаад хортон шавж ч олшрох болжээ. Тодруулбал, байцайны хивэн эрвээхэй нь тоонолжин цэцэгтний овгийн хог ургамлаар хооллодог тул ялангуяа хуурай, гантай жил тоо толгой нь хэт олширдог байна. Өнөө жилийн тухайд уг хортон шавжийн үржих таатай нөхцөл нь бүрдэж, рапсын тариалалтад сөргөөр нөлөөлж, ургац алдах эрсдэлд оруулаад буйг дээрх үзлэг, шалгалтын явцад илрүүлснийг албаныхан хэллээ. Тиймээс Салбарын хяналтын байцаагч нар хивэн эрвээхэйгээс талбайгаа нэн даруй хамгаалахыг тариаланчдад анхааруулж, газар дээр нь зарим арга хэмжээг авхуулж байгаа аж.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эрвээхэйн өндөг нь ихэвчлэн навчны доод талд, эсвэл ишнийх нь ойролцоо, хүрэхэд хэцүү газарт бэхлэгддэг гэнэ. Өндөгнөөс гарсан авгалдай нь тэр даруй навчны эд рүү ордог тул энэ үеэр нь шавж устгах бодисыг 2-2.5 долоо хоногийн турш цацах шаардлагатай аж. Мөн эрвээхэйн хүүхэлдэй нь ургамлын үлдэгдэл, сүрэл дор нуугдан, өвлийг давах чадвартай тул ургац хураасны дараа рапс, гичийн талбайг хамгийн багадаа 5-10 см-ийн гүнээс эргүүлэн хагалж, сэврээхийг зөвлөсөн.
М.Гэгээ