Нийтийн тээврийн салбарын орлого тасралтгүй нэмэгдэж байгааг нийслэлийн ЗДТГаас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, 2024 оны долоодугаар сарын 31-ний байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, орлого нь 18.1 тэрбум төгрөг байсан гэнэ. Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар зорчигчдын тоо 91.2 саяд хүрч, нийт орлого нь 30.3 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Уг үзүүлэлтийг түрүү жилийн мөн үеийнхтэй харьцуулахад автобусаар үйлчлүүлсэн хүний тоо 9.2 саяар, нийтийн тээврийн орлого 12.4 тэрбум төгрөгөөр буюу 68.4 хувиар өссөн байна.
Автобусанд бэлэн мөнгө төлж үйлчлүүлэх явдлыг хязгаарлан, тарифыг нэмж, ухаалаг дэлгэц, олон төрөлт төлбөрийн системийг нэвтрүүлэн, иргэд банкны картаараа ч нийтийн тээврээр зорчих болсон нь тус салбарынхныг ашигтай ажиллахад голлон нөлөөлсөн гэж албаныхан тодот¬голоо. Өдгөө Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт борлуулах болон цэнэглэгч киоск төхөөрөмж суурилуулаад буй аж. Түүнчлэн холбогдох хуулийн дагуу Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг тодорхой болгож, өнгөрсөн онд гэхэд угсраа 31, өнөө жил том оврын 10 автобусыг тус сангийн хөрөнгөөр худалдан авч, үйлчилгээнд нэвтрүүлсэн гэв.
О.Оргилох