Албан ёсны бүртгэлгүй, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын салбарын нэр хүндийг олон улсад унагаж, жуулчдыг хохироож буйг Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооноос анхаарууллаа.
Тус салбарт үйл ажиллагаа явуулахын тулд Аялал жуулчлалын тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад заавал бүртгүүлж, баталгаажуулсны дараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан борлуулах зохицуулалттай. Гэтэл сүүлийн үед тур оператор, аяллын агентлаг, нутгийн иргэдэд түшиглэсэн үйлчилгээ эрхлэгчийн аль нь болох нь тодорхойгүй, бизнес эрхлэгч, старт-ап компанийн нэр барьсан аж ахуйн нэгж олширч, жуулчдыг залилах, чанаргүй, хуурамч аяллын хөтөлбөр борлуулж хохироох явдал ихэсжээ. Иймд салбарын яам болон холбогдох байгууллагынхныг энэ асуудалд хяналт тавихыг анхааруулав. Харин жуулчдыг албан ёсны бүртгэл, тусгай зөвшөөрөлтэй, аяллын баталгаажсан хөтөлбөртэй компаниар үйлчлүүлэхийг, хөтөч, тайлбарлагчдыг манай улсад ирсэн гадаадын иргэдийн аюулгүй байдалд санаа тавихыг зөвлөлөө.
Н.Буян