Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааныхан Улаагчны хар нуурт усны нөөцийн болон бохирдлын судалгаа хийж байгаагаа саяхан мэдээлсэн. Судлаачид нуурын долоон байршилд хэмжилт хийхэд усан мандлын талбай нь 2005 оныхоос 3.9 ам км-ээр багассан байж болзошгүй гэсэн урьдчилсан тооцоо гаргасныг мэдээлсэн юм. Тэгвэл тус захиргааныхан ээлжит судалгаа мониторингоо Хяргас нуурт эхлүүлээд буйгаа танилцууллаа.
Хяргас нуур нь дотоодын аялал жуулчлалын гол бүсэд тооцогддог бөгөөд урин дулааны улиралд өдөрт дунджаар 1000-1200 хүн зорьж очдог, оргил ачааллын үед 10-15 мянган аялагч эргэн тойронд нь амардаг гэсэн тооцоо бий. Судлаачид нуурын хамгийн их хөл хөдөлгөөнтэй хэсэг буюу Хэцүү хад орчмын усны түвшин хэрхэн өөрчлөгдсөнийг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар Хэцүү хадны баруун хэсэг орчимд нуурын усны түвшин өнгөрсөн жилийнхээс 80, зүүн талынх нь 110 см-ээр буурсныг тогтоожээ. Судалгааг гүйцэд хийж, үр дүнг нь баталгаажуулсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
Н.Мишээл