НҮБ-ын Цагдаагийн зөвлөх, комиссар Файзал Шахкар энэ өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатартай уулзаж, НҮБ-ын энхийг сахиулах ажил¬лагаанд Монгол Улсын цагдаагийн баг бүрэлдэхүүнийг оролцуулах, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр НҮБ-ын Цагдаагийн зөвлөх, комиссар Файзал Шахкар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлж, аравдугаар сард НҮБ-ын үнэлгээний багийг илгээх, ШШГЕГ-ын бүрэлдэхүүнийг энхийг бэхжүүлэх үйл ажиллагаанд оролцуулах боломж, энхийг сахиулагчдад эзлэх эмэгтэйчүүдийн хувь хэмжээг 25 хувьд хүргэх талаар саналаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр НҮБ-аас хоёр жил тутамд зохион байгуулдаг Цагдаагийн дарга нарын уулзалт 2026 оны зургаадугаар сард болох бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг эл уулзалтад оролцож, НҮБ-ын цагдаагийн байранд айлчлахыг урилаа.
Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн баг оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2024 онд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийг шинэчлэн батлуулсан билээ. Улмаар цагдаагийн багийг мэргэжлийн өндөр ур чадвар бүхий алба хаагчдаар бүрдүүлж, орчин үеийн өндөр технологийн иж бүрэн техник хэрэгсэлтэйгээр илгээхэд бэлэн болгож, ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлд гаргаад байгаа юм.
Файзал Шахкар нь Пакистан улсын иргэн, 2000 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд оролцсон нэгэн бөгөөд 2022 онд дэлхийн хамтын нийгэмлэгийн тэргүүн Антонио Гутеррешийн шийдвэрээр НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны цагдаагийн зөвлөхөөр томилогдсон аж.
Г.Орчлон