УИХ-ын гишүүн Н.Батшугарын санаачилсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг парламент өнгөрсөн тавдугаар сард баталсан. “Төрийн мэдээлэл” сэтгүүлд эл хуулийг зургаадугаар сарын 13-нд нийтэлснээр хэрэгжиж эхэлсэнд тооцож болно. Гэвч хууль хэрэгжүүлэх журам, зээлдэгчид өгөх онооны системийг Монголбанк баталж амжаагүй, энэ сард багтаан үүнийг дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр ирэх сарын 1-нээс Зээлийн мэдээллийн тухай хууль бодитоор хэрэгжих боломж бүрдэх нь.
Хуулийн 10.2-т “Зээлийн мэдээллийг зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглана”, 10.3-т “Уг мэдээллийг 10.1, 10.2-т зааснаас өөр зорилгоор ашиглахыг хориглоно” хэмээн тусгасан юм. Мөн 11.1-д “Сүүлийн таван жилийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгах бөгөөд уг лавлагааг гагцхүү хэрэглэгчид өгнө” хэмээн өөрчилжээ. Өмнөх хуулиар сүүлийн зургаан жилийн мэдээллийг лавлагаанд тусгадаг байсан аж.
Иргэдийн амьдралын чанар сүүлийн хэдэн жилд эрс муудаж, олонх нь өрнөөс өрний хооронд аргацааж буй. Зээлгүй монгол иргэн ч ховордсон. Мөн төлөхдөө хугацаа хожимдуулснаас болж “хар жагсаалт”-д орсон нь ч олон. Тэдэнд дахин зургаан жилийн турш ямар нэг зээл авах боломжгүй “санхүүгийн ял” оноож, “хар жагсаалт”-д оруулдаг байсныг дээрх хуулийн өөрчлөлтөөр зогсоож буй юм. Үүний оронд онооны систем нэвтрүүлнэ. Зээлээ хугацаанд нь төлөхгүй бол оноо хасна, төлснийх нь дараа нэмнэ. Банк, банк бус санхүүгийн байгууллагууд өндөр оноотой иргэнд илүү хөнгөлөлтэй нөхцөл санал болгохоос эхлээд олон давуу тал үүсэх юм байна.
С.Уул