Ойн хөнөөлт шавжийн тархалтыг хязгаарлах, устгах ажилд зориулж 2025 оны улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөг хуваарилжээ. Гэтэл Засгийн газар үүний тэн хагасыг нь хуулийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр төсөв тодотгохдоо эргүүлэн татаж. Үүнээс болж ой бүхий аймгууд шавж устгалаа төлөвлөсөн хугацаанд хийж чадахгүй, тэмцлийн ажил хийхэд хамгийн тохиромжтой үеийг хий дэмий өнгөрөөж буй аж.
Монгол Улсын ойн сангийн 30 орчим хувийг бүрдүүлдэг Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Л.Энх-Амгалан Ойн газрын удирдлагыг Сангийн яаманд бодит нөхцөл байдлаа танилцуулж, хуваарилуулсан төсвөө “хамгаалж” чадаагүй хэмээн шүүмжилж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт хүсэлт хүргүүлсэн байна. Үүндээ “Хөвсгөл аймгийн ойн сангийн 60 мянган га талбайд шавж устгахад шаардлагатай 3.1 тэрбум төгрөг болон ойн сан бүхий бусад бүс нутагт хэрэгцээтэй зардлын хэмжээг үндэслэлтэй тогтоож, 2026 оны төсөвт зохих журмын дагуу тусгуулж өгөхийг хүсье” гэжээ.
Харин Ойн газрын дарга Б.Оюунсанаа Л.Энх-Амгалан гишүүний нийгмийн сүлжээнд оруулсан шүүмжлэлийн хариуд “Ирэх оны төсөвт иймэрхүү чухал ажилд гар татахгүй мөнгө тусгуулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсье” хэмээн захив. Ойн газар хуваарилсан төсвийн хүрээнд энэ оны эхний хагаст 15.1 тэрбум төгрөгөөр шавжийн тархалт хязгаарлах ажлыг 276 мянган га талбайд зохион байгуулсан аж.
Н.Буян