Монгол Улсын хамгийн өндөр цэг гэгддэг, Алтай Таван богдын ноён оргил Хүйтэн уулын өндрийг геодезийн инженерүүд анх удаа зориулалтын багажаар нарийвчлан хэмжсэнийг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газраас мэдээлэв. Таван богд болон Хүйтэн уулын өндрийг өмнө нь аналогийн аргаар хэмжиж тогтоож байсан бол энэ удаа геодезийн орчин үеийн “Trimble R12”, “Trimble catalyst” багаж ашиглан тодорхойлсон байна. Ингэхэд Хүйтэн уулын өндөр 4374, гурван улсын хилийн баруун уулзварын цэг Таван богдынх 4082 метр байсан аж. Энэхүү ажлын үр дүнд Монгол Улсын газар зүйн онцлог тогтоц бүхий газруудын байршил, өндөр, хоорондын зайн үзүүлэлтийг Засгийн газраар шинэчлэн батлуулж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж буй гэнэ. Тухайлбал, олон нийт Таван богд уулын нэрийг Найрамдал оргил, Хүйтэн уулыг Хүйтний оргил хэмээн өөр өөр байдлаар алдаатай нэрлэж хэвшсэнийг залруулах, уулчдын авирдаг мөсөн уулын нэр, өндөр, байршлыг шинэчлэн тогтоох чиглэлээр Молнголын уулчдын үндэсний холбоотой хамтран ажиллаж байгаагаа дээрх газрынхан дурдав.
Ж.Сувд