Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор жил бүр мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зургаан дүүргийн найман шалган бүртгэх товчоо болон алслагдсан ногоон бүсүүдэд хяналт шалгалт хийхэд энэ оны эхний хагас жилийн байдлаар хоёр үнэг, зэрлэг гахай болон саарал чоно тус бүр нэг, 216 тарвага хууль бусаар агнаж, худалдсан зөрчил илрүүлсэн байна. Харин энэ сард 58 удаагийн үйлдлээр 168 тарвага нэвтрүүлэхээр завдсаныг хурааж авчээ. Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд манай орны 17 аймгийн 137 сум байгалийн голомттойд тооцогддог. Сүүлийн 10 жилд 20 тохиолдол бүрт¬гэгдэж, есөн хүн нас барсан аж. Өвчний нууц үе 2-3 хоног үргэлжилдэг. Иймд нийслэлийн Онцгой байдлын газраас тарваган тахлаас сэргийлж агнах, тээвэрлэх, худалдаж авах, идэхээс татгалзахыг анхаарууллаа.
Э.Сүйлэн