-Төсвийн төсөлд олон нийтээс санал авч дууслаа-
Монгол Улсын ирэх оны төсөвт олон нийтээс И-Монголиа, 11-11 төвийн утсаар болон танхимын хэлэлцүүлэг хийж санал авах хугацаа өчигдөр өндөрлөв. Хамгийн сүүлийн танхимын хэлэлцүүлгийг эдийн засаг, санхүүгийн салбарын төсвийн асуудлаар Эдийн засгийн хөгжлийн яаманд зохион байгуулсан юм. ЭЗХЯ ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийг боловсруулах үүрэг хүлээдэг аж. ОУВС долоодугаар сарын тайланд дэлхий нийтээр шууд хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт буурсныг харуулжээ. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийг гурван хувь байхаар тооцсон байна. Дэлхийн банкнаас гаргасан дүгнэлт ч үүнтэй ижил байгаа гэнэ.
Төсвийн хүрээний мэдэгдлээр дээд, доод хязгаарыг тогтоодог. Гэвч дээрх байдлаар гадаад хүчин зүйл нөлөөлөх эрсдэлтэй гэв. Улмаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээг 31.6, зарлагыг 32.9 их наяд төгрөг, ДНБ-ий бодит өсөлтийг тав, инфляцыг долоон хувь байхаар тооцож буй аж. 2027-2028 оны төсвийн төсөөлөлд тэнцвэржүүлсэн орлогын дээд хязгаарыг 33.7, зарлагыг 34.6 их наядаар тооцож, инфляцыг зургаан хувь болгон бууруулна гэж төлөвлөжээ.
Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд ирэх оны төсөвт нийт 397.7 тэрбум төгрөгийн санал өгсөн байна. Үүнээс 258 тэрбум нь хөрөнгө оруулалт, 139.5 тэрбум нь урсгал зардал байх аж. Мөн нийт 29 төсвийн ерөнхийлөн захирагч бүхий байгууллага түүний харьяалалд байдаг. Нийт зардлын 61 хувь нь цалин, урамшуулалд зарцуулах нь.
Сангийн яамны хувьд ирэх оны улсын төсвийг боловсруулах гол үүргийг хүлээдэг. Сайдынх нь багцад ирэх онд 4.2 их наяд төгрөг хуваарилахаар төлөвлөжээ. Үүнээс 20 тэрбумыг нь бодлогын арга хэмжээ санхүүжүүлэхэд зориулах аж. Тус сайдын багцад ГЕГ, ТЕГ зэрэг таван агентлаг харяалагддаг. Монгол Улсын ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа Сангийн яам татварын ачааллыг бууруулах, иргэн төвтэй буюу эрүүл мэнд, боловсролын салбарт анхаарч, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, хөрөнгө оруулалтыг зам, дэд бүтцэд чиглүүлэх зэрэг бодлогын таван арга хэмжээг онцолж буй гэнэ. Улсын төсвийг боловсруулахын тулд холбогдох байгууллагуудаас санал авсан. Төсөв боловсруулах үе шат дөрөв байсныг тав болгон нэмж, олон нийтийн саналыг сонсдог болсон. Ингээд хөрөнгө оруулалтын тухайд 17 мянган иргэнээс 1068 санал ирүүлсэн юм байна. Сум, дүүрэг, аймаг, нийслэлээс 273, агентлагуудаас 1089 төслийг санхүүжүүлэх санал өгчээ. Эдгээрт 29 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо хийсэн аж. Мэдээж эдгээрийг бүгдийг нь санхүүжүүлэх боломж улсын төсөвт үгүй. Тиймээс эхний хяналт, үнэлгээ хийгээд орон нутгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн 149 төслийг шилжүүлсэн байна. Мөн холбогдох яамдад хамаарах төслүүдийг ч тийш нь “явуулжээ”. Ингээд 9.6 их наяд төгрөгийн өртөг бүхий 913 төсөл, хөтөлбөр үлдэв. Эдгээрээс дахин “шүүж”, төсвийн хязгаар болох 3.2 их наяд төгрөгт багтаахаар ажиллаж буй гэнэ. Эхлүүлснээ дуусгах, хүний хөгжлийн болон мега төслүүдийг эрэмбэлэх, дэд бүтцээ анхаарах зэрэг шалгуураар ирэх онд алийг нь санхүүжүүлэхээ тогтоох юм байна.
Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүд мөн Сангийн сайдын багцад багтдаг. Ийм 2.1 их наядын төсөвтэй 85 төсөл байгаа. Үүнээс 1.9 их наядыг нь ирэх оны төсөвт суулгах боломжтой гэж үзжээ. Сангийн яамны харьяа агентлагууд тус бүрээр төсвөө танилцуулсан. Өмнөх салбаруудын хэлэлцүүлгээс ялгаатай нь Сангийн яам, ЭЗХЯ төсвийг боловсруулахад гол үүрэгтэй оролцдог учраас мөнгө бага байна, нэмүүлье хэмээн “гоншигносонгүй”. Гагцхүү хязгаа¬рын төсөвтөө багтааж эрэмбэлэх тухай ярьж байлаа. Улмаар холбогдох саналыг тусгаж, хянаж боловсруулсан ирэх оны төсвийн төслийг тэд наймдугаар сарын 15 буюу өнөөдөр Засгийн газарт танилцуулж, ирэх сарын 1 гэхэд УИХ-д өргөн барих ёстой.
С.Уул