АНУ-ын Нью-Йорк мужийн Рочестер хотод төвтэй, гэрэл зураг болон дүрс боловсруулах технологийн компани болох “Eastman Kodak”-ийн үйл ажиллагаа өрийн дарамтаас шалтгаалан зогсож болзошгүй байна. Өнгөрсөн жилээс эхлэн тус компани алдагдлаа нөхөхийн тулд зардлаа бага багаар танаж буй. “Kodak”-ийн санхүүгийн захирал Дэвид Буллвинкл өнгөрсөн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ удахгүй барагдуулах 500 сая ам.долларын өрөө төлөх чадамжгүй болсноо дурдсан аж. Үүний дараа компанийн хувьцааны ханш 25 хувиар буурчээ.
Гэрэл зургийн аппаратын технологийн өөрчлөлтийг гүйцээгүйн улмаас “Kodak”-ийн уналт эхэлсэн гэж үздэг бөгөөд 2012 онд дампуурлаа зарлах дөхөж байв. Тэд бүхнийг дахин эхлэхийн тулд патент, салбар бизнес, үйлдвэрүүдээ зарсан ч төдийлөн амжилт олоогүй аж.
Д.Тамир