Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг, 10 дугаар хорооллын орон сууцын хотхонуудын оршин суугчид халуун усгүй хагас сар болж буй. Тодруулбал, эндхийн халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсны улмаас тав, зургаа, 30 дугаар хорооны нийт 1713 өрх, хоёр цэцэрлэг, нэг аж ахуйн нэгжийн хэрэглээний халуун усыг хаагаад байсан юм. Хичээл, сургууль удахгүй эхлэх гэж байхад хагас сар халуун усгүй байлгалаа хэмээн оршин суугчид нь удаа дараа гомдоллож, хэл ам хийсний хүчинд дулааны шугамын гэмтлийг уржигдраас засаж эхэллээ.
Үүссэн дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Баянгол дүүргийн ЗДТГ-аас хороодтой хамтран Эрчим хүчний яам, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, нийслэлийн Захирагчийн ажлын алба зэрэг байгууллагад үе шаттай хандсанаар шугамд гарсан доголдлыг засварлуулахаар болсон нь энэ гэв. 2000 орчим өрхийн 7000 гаруй оршин суугч халуун усгүй өчнөөн хоног хохирсон байхад нэр бүхий эдгээр байгууллага урилга заллага болж байж ажлаа ийн эхэлсэн бололтой.