“Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Орон сууцын хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үйл ажиллагаа”-ны хүрээнд арилжааны банкнуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийг 2013 оноос хойш багцлан худалдан авч, бонд гаргасаар буй. Тус корпорац ээлжит багцаа өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр худалдан авч, 612 тэрбум төгрөгийн дүнтэй, 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бондыг хөрөнгийн зах зээлд гаргалаа.
Энэ удаагийн багцад 5986 өрхийн ипотекийн зээлийг хамруулжээ. Хамгийн өндөр дүнтэй багцыг “Голомт банк” (32.1 хувь), “ХААН банк” (20.09), “Худалдаа хөгжлийн банк” (12.99) ХКиас худалдан авсан бол ипотекийн зээлдэгчдийг байршлаар нь ангилбал Хан-Уул (35.6 хувь), Баянзүрх (28.6), Баянгол (16.3)-ынх зонхилох хувийг эзэлж байна. МИК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаснаар энэ төрлийн зээл олголтыг хэвийн үргэлжлүүлэх, санхүүжилтээс үүдэлтэй удаашрал, хүлээгдлийг шийдэх нөхцөл бүрддэг ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, тус корпорац иргэдэд олгосон зургаан хувийн хүүтэй зээлийг худалдан авч, санхүүжилтийн эх үүсвэрээр хангаснаар арилжааны банкнууд энэ төрлийн зээлд хамрагдах дараагийн иргэдэд боломж олгодог юм.
Ж.Сувд