Монгол Улсын 2025 оны инновацын шилдэг 14 төслийг шалгаруулж, батламжийг нь өнгөрсөн баасан гарагт гардууллаа. Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 7-ны 224 дүгээр тогтоолоор баталсан, Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журмын хүрээнд төслүүдийг сонгон шалгаруулжээ.
ШИЛДЭГ ТӨСЛӨӨР:
- “Ember cyber services” (кибер аюулгүй байдал, IT хамгаалалт)
- “Стэпп Эй Ай” • “Гэрэрэ” • “Papa logistics” (тээвэр, түгээлт)
- “Kоллаген уургийн пептид гарган авах”
- “Бар-ус, ундаа”
- “Ногоон дөл”
- “Zuga app”
- “Техно-гар” (автомашин угаалгын робот гар)
- “Аригус”
- “AirQ”
- “E-Geree”
- “Digital manga”
- “Эрт илрүүлье” шалгарч, тус бүр 20 сая төгрөгийн грант хүртжээ.
Энэ жилийн төслийн уралдааныг өнгөрсөн зургаадугаар сарын 10-25-нд мэдээллийн буюу хиймэл оюун, их өгөгдөл, шинэ материал, үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний технологи зэрэг инновацын тэргүүлэх чиглэлээр зохион байгуулсан аж. Сонгон шалгаруулалтад олон салбарыг хамарсан бүтээлч, шинэлэг шийдэл, санаа бүхий нийт 55 төсөл ирүүлсний 14-ийг нь ийнхүү гарааны бизнес болгон бойжуулахаар болов. Дээрх журмын дагуу инновацын төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Нийт шагналын сан нь 280 сая төгрөг гэнэ.
М.Гэгээ