БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл эхнэрийнхээ хамт шоронд хоригдож байна. Хууль зөрчсөн, буруу зүйл хийсэн төрийн өндөр албан тушаалтныг хамаарал бүхий этгээдийнх нь хамт ийнхүү хорьсон анхны тохиолдол гэнэ. Шалгаж байсан жишээ бол цөөнгүй юм билээ. Албан тушаал, эрх мэдэл үл харгалзан иргэн бүрдээ хууль нь тэгш үйлчилдэг, үүнийг зөрчсөн бол хариуцлага нэхэж, тэмцэж чаддаг ард түмэнтэй улсад Төрийн тэргүүнээ барьж хорих нь энгийн зүйл. Харин Монгол Улсад хууль бус зүйл хийхийнхээ хэрээр эрх мэдлээ бэхжүүлж, өөрийгөө тойруулан хана барьдаг, хариуцлагаас бултдаг. Хамгийн сүүлийн жишээ бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ба түүний хүүгийн “хэрэг”. Хүү нь яаж эцгийнхээ жилийн орлогоос давсан мөнгөөр сүй тавих ёслолоо зохион байгуулж, найз бүсгүйдээ тансаг бэлэг өгсөн бэ, үүнийхээ эх үүсвэрийг нотол гэж олон нийт шаардсан. Нотолж чадаагүй учраас Л.ОюунЭрдэнэ огцорсон. Өөрөөр ямар ч хариуцлага хүлээсэнгүй, ял шийтгэл авсангүй. Хүүгийнх нь тансагласан мөнгө “хууль ёсных” гэж АТГ үзсэнээр дуусав.
БНСУ БА МОНГОЛ
БНСУ-д төрийн өндөр албан тушаалтнууд дураараа дургивал яаж даруулдгийг, бас хариуцлага тооцдогийг дэлхий нийтээр харж байна. Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл цэргийн онц байдал зарлаж, улмаар төрийн эргэлт хийх ажиллагааг зохион байгуулсан хэмээн буруутгагдан хоригдож буй. Тэрбээр цэргийн хүчээр бүгдийг хяналтдаа авч, парламентын гишүүдээ ч ордон руу нь оруулахгүй байх гэж оролдсон юм. Гэвч 4000 гаруй иргэн парламентын ордны гадна цуглаж, гишүүдээ оруулахыг шаардсаны дүнд тэд нэвтэрч, онц байдал зарласныг нь зургаан цагийн дараа цуцалсан. Хууль хүчний байгууллага нь түүнийг баривчилсан. Мэдээж тэр албан тушаалаасаа огцорч, эдүгээ хоригдон шалгуулж байна. Шүүх хуралдаа биечлэн оролцохгүй хэдэнтээ хойшлуулсан ч бүх насаар хоригдох, эсвэл цаазаар авхуулах ял авах нь тодорхой болоод буй аж. Төрийн өндөр албан тушаалтны “дураар дургих” үйлдэлд ард иргэд, сөрөг хүчний парламентын гишүүд, хууль хүчний байгууллага нь хэрхэн хамтран ажиллаж, тэр дор нь цэг тавьж чаддагийн жишээ ийм.
Мөн Юн Сүк Ёлын эхнэр Ким Кон Хийг авлига авсан, 2022 оны сонгуулийн үеэр нэр дэвшигчийг сонгох үйл явцад нөлөөлсөн зэрэг олон зүйл ангиар баривчлан шалгаж байна. Өндөр албан тушаалтны аливаа гэмт хэргийн ард голдуу хамаарал бүхий этгээд нь хамтарсан, оролцсон байдгийн баталгаа болж буй юм. Хууль бусаар олсон мөнгө, эрх мэдлийг хамтран эдэлж, үрж байгаа учраас гэр бүлийн хүмүүс нь гэмт хэргийн хамсаатан болдог.
Харин Монголд гүйцэтгэх засаглалын тэргүүн нь “улсын хаан” болтол томорч болдгийн жишээг бид үзсэн. Тэд алсуур, төлөвлөгөөтэй эхэлдэг. Юуны өмнө хууль, эрх зүйн орчноо өөрийн сайн сайхны төлөө, эрх мэдлээ аль болох удаан хамгаалах зорилгоор өөрчилнө. Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдад их эрх мэдэл олгоход Л.ОюунЭрдэнэ Засгийн газрын ХЭГ-ын дарга байсныг мартаж болохгүй. Хоёр жилийн дараа тэр Ерөнхий сайдаар томилогдон өнөөх эрх мэдлээ эдэлж эхэлсэн. “Тогтвортой ажиллаж, том төслүүдээ урагшлуулна” гэсэн гэгээлэг сурталчилгааныхаа ард нуугдаж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилох болов. Засгийн газартаа буюу өөрт нь хяналт тавих эрх, үүрэгтэй УИХ-ын гишүүдийг ч харцаараа хөдөлгөдөг, амыг нь барьдаг хүн болчихсон. Эдийн засаг цаасан дээр өсөөд байдаг ч иргэдийн амьдрал улам л дордоод байв. Гэхдээ монголчууд хулчгар. Олонх нь тэмцэж чаддаггүй, гол асуудалдаа анхаарч дуугарахын оронд хов живэнд л анхаардаг болсон. УИХ-ын гишүүдийн олонх нь ч ард түмнээ биш, намаа төлөөлдөг. Албан тушаал, эрх мэдэлд дуртай. Тиймээс амархан “худалдагддаг”. Ингэж л Ерөнхий сайд асан тийм өндөрт хүрсэн хэрэг. Түүний хүү, 23 настай оюутан залуу олон зуун сая төгрөгөөр сүй тавих ёслол зохион байгуулж, сүйт бүсгүйдээ тансаг брэндийн бэлэгнүүд өгсөн нь олон нийтэд ил болсны дараа “дарлагдсан иргэд” арай гэж сэрэв.
Гэхдээ шинэ үеийн залуус шударга ёсны төлөө тууштай тэмцэж чадсан. Бүгд ч бас унт¬ чихаагүй, анхиагүй биш юм гэсэн итгэл төрүүлж, гэрэл асаасан юм. Хүүгийнхээ тансаглалын орлогыг нотол, эсвэл огцор хэмээн тэд сар орчим жагссан, шаардсан. Гэвч гүрийсэн. “Ажлаа цэгцлэх” хүртлээ албан тушаалаасаа буухгүй байх гэж хичээсэн. Эцэст нь үнэнд гүйцэгдэв. Огцроход хүрсэн шалтгаанаа хаа хамаагүй зүйлсэд нааж, өөрөөсөө холдуулах гэж хичээсэн ч Монгол Улсад анх удаа Ерөнхий сайд нь ийм “эвгүй” шалтгаанаар ажлаа өгсөн тохиолдол болсон юм. Харин түүний хүүгийн тансаглалаас пиарын багийнхан нь “сүйн бөгж” гэдэг сэдвийг сонгож авсан. Бөгж авсан баримт, орлогоо нотлох материалыг АТГ-т өгсөн гэв. Хоёр сар болж удсаны эцэст АТГ “Иргэн О.Тэмүүлэн нь хөрөнгө, орлогоо тайлагнах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш” гэж мэдэгдсэн юм. Мөн Ерөнхий сайдын ах, “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар хүүд нь дөрвөн сарын хугацаанд 300 сая төгрөг шилжүүлсэн тул бүх зүйл хууль ёсных гэж үзсэн. Тийм “зохиол” бичиж, түүнийгээ хэрэгжүүлсэн гэдгийг иргэд ойлгож буй. Ингээд л боллоо. Нүд хуурсан, тэнэг тайлбарт нь олон нийт эгдүүцэхэд АТГ “Үргэлжлүүлэн шалгаж байна шүү дээ” гэсэн. Түүнээс хойш сар өнгөрлөө, чимээ сураг алга. Ерөнхий сайдаас огцорсныхоо дараа Л.ОюунЭрдэнэ БНСУ-ыг зорьж, амарч байгаа гэх мэдээлэл гарсан. Уг нь тэр УИХ-ын гишүүн юм. Тэр ажлаа хийх ёстой ч “алга болчихсон” билээ.
ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭД ГЭЖ ХЭН БЭ
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-д “Хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ” хэмээн заасан байдаг. О.Тэмүүлэн хэдийгээр хөрөнгө, орлогоо тайлагнадаг албан тушаалтан биш ч улс төрийн нөлөө бүхий хүний хүүхэд. Тэгэхээр хамаарал бүхий этгээдийн тоонд зүй ёсоор орно.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн зэрэг албан тушаалтныг улс төрийн нөлөө бүхий хүмүүс гэж авч үздэг. Тиймээс Ерөнхий сайдын хүүхдийн хэрээс хэтэрсэн тансаглалын эх үүсвэрийг тогтоохын тулд эцэг, хүү аль алиныг нь шалгах ёстой. Дээрх хуулиудаас гадна ФАТФ буюу Санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагын зөвлөмжид “Улс төрийн нөлөө бүхий этгээдийн хамаарал бүхий хүн нь хянаж шалгах зайлшгүй шаардлагатай этгээд байна” хэмээсэн байдаг. Манай улс уг байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх, улмаар хэрхэн гүйцэтгэснээ тайлагнах үүрэгтэй НҮБ-ын гишүүн билээ.
Тэгэхээр улс төрийн нөлөө бүхий хүний эхнэр, хамтран амьдрагч, хүүхэд, төрсөн ах, дүү нар хууль бус хэрэгт нэр холбогдсон бол ХОМ өгөх ёстой, үгүйгээс үл хамааран шалгах ёстой. Мөнгө угаасан, авлига авсан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тохиолдол бүрийг нь нягталж тогтоох учиртай. Уг нь хэрэгжүүлдэг бол манай хууль, эрх зүйн орчин хангалттай сайн. Тиймээс улс төрчийн хамаарал бүхий этгээд гэмт хэрэг үйлдвэл хуулийн дагуу, шударга ял оноотол шаардаж, тэмцэх ёстой. Ерөнхий сайд байсан хүн нь эрх мэдэл, “базсан” сүлжээгээрээ дамжуулаад хүүгээ мултлаад авч буйг энүүхэндээ шогширч хараад л өнгөрөөгөөд байж болохгүй. Хамаарал бүхий этгээдүүдийг хариуцлагаас гадуур орхилгүй, эцэг, эхтэй нь хамт шалгаж, хорьдог болсон цагт л тэдний хэрээс хэтэрсэн байдал багасах биз ээ.