УИХ-ын хаврын чуулганаар Өмгөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталсан юм. Үүгээр хуульчдын эрх зүйн байдлыг дээрдүүлж, ажил мэргэжлээ сонгох эрхийг нь баталгаажуулж өгчээ. Уг хуулийн 15.1.12, 15.1.13-т өмгөөлөгчдөд хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны болон өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарах ажил хийхийг зөвшөөрсөн. Мөн улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран хийж болно. Бусад ажил хориотой. Тэгвэл өмгөөлөгчийн эрх авах шалгалт өгөх гэж буй хуульчдад ч яг ийм шаардлага тавьж, дээрхээс өөр ажил хийдэг бол заавал түүнээсээ чөлөөлөгдөх ёстой гэдэг байсан аж. Үүнийг зохицуулсан 8.6.3 дахь заалтыг дээрх нэмэлт, өөрчлөлтөөр хүчингүй болгосон юм байна. Хуульчид шалгалтдаа тэнцэхгүй бол ажлын байргүй үлдэж, хохирдог байсныг ийнхүү зогсоожээ.