Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний долоон сард 3510 удаа бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5.2, 2023 оныхоос 28 хувиар өссөн үзүүлэлт аж. Төрлөөр нь авч үзвэл хүний үйл ажиллагаатай холбоотой буюу объектын болон ой, хээрийн түймэр, усны осол, цас, шаварт суусан, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унасан тохиолдол 95 хувийг эзэлж байна. Харин геологийн гаралтай аюулт үзэгдэл буюу хүчтэй газар хөдлөлт энэ хугацаанд 44, биологийн гаралтай буюу малын гоц халдварт өвчин 19, салхи шуурга, аянга, үерийн тохиолдол 71 удаа бүртгэгджээ. Долоон сарын хугацаанд тохиосон аюулт үзэгдэл, осолд 3780 хүн нэрвэгдэж, 184 иргэн нас барж, 34.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Ийм шалтгаанаар амиа алдсан хүний тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 45аар буурсан бол нийгэм, эдийн засагт учирсан хохирлын хэмжээ урьдчилан тогтоосноор 7.1 тэрбум төгрөг буюу 26.1 хувиар өсжээ.
Н.Мишээл