Япон Улс 2011 онд тохиосон газар хөдлөлт, цунамигийн эрсдэлээс сургамж авч есөн сая мод бүхий байгалийн ойтой, үерийн аюулаас хамгаалах далан байгуулсан нь олон улсад байгальд ээлтэй шилдэг шийдлээр нэрлэгдэж байна. Одоогоос 14 жилийн өмнө тус улсын зүүн хэсэгт газар 9.1 магнитудын хүчтэй хөдөлснөөс 18 мянга гаруй хүний аминд хүрсэн аймшигт цунами болсон юм. Япончууд энэ цагаас хойш далайн эргийн бүс нутгийн иргэдийг байгалийн гамшгаас хамгаалахад их хэмжээний хөрөнгө хүч зарцуулж, 395 км үргэлжлэх урт хана босгоод зогсохгүй үүнийхээ дагуу олон сая мод тарьж, байгалийн хэрэм бий болгожээ. Тэд үүнийгээ байгалийн болон инженерийн шийдлийг хослуулсан, цунамигийн эсрэг аварга хана хэмээн нэрлэж байна. Судлаачдын мэдээлж буйгаар дөрвөн давхар байшинтай тэнцэхүйц өндөртэй аварга ханыг босгоход дунджаар 12.5 тэрбум ам.доллар буюу 45 их наяд төгрөг зарцуулжээ.
Ж.Сувд