Дэлхий нийтийн анхаарал татаж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт Америкийн Аляск мужийн Анкориж хотын Эльмендорф Ричардсон цэргийн баазад энэ сарын 15-ны өдөр болов. Хэдэн өдрийн өмнө хэвлэлд мэдээлж байснаар бол эл уулзалтыг хийж болох улсаар Арабын нэгдсэн Эмират, Унгар, Швейцарыг нэрлэж байсан юм. Уулзалт Аляксад болсноор Америкт Оросын худалдсан энэ газар нутаг дээр хөл тавьсан ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Путин боллоо. Америкийн Ерөнхийлөгчид ч энд тэр болгон ирж байсангүй. Барак Обама 2015 онд ирсэн нь сүүлчийнх нь болоод байсан аж.
Ердөө долоо хоногийн өмнө Трамп шинээр хориг тавина хэмээн сүрдүүлж, эхлээд 50 хоногийн хугацаа өгснөө удалгүй 10 хоног болгож, тэвчээр нь барагдаж байна гэж хэлж байсан гэхэд итгэмгүй үйл явдал боллоо. Яг үнэнийг хэлэхэд Трампын үед АНУ нэг ч багц хязгаарлалтыг Оросын эсрэг тавьсангүй, “Их долоо”-гийн хоёрдугаар сарын хоригийг, Британийн шинэ хязгаарлалтыг, Оросын нефтийн үнийн таазыг доошлуулахаар Европын Холбоо долоодугаар сард шийдсэнийг ч дэмжээгүй юм. Трамп Путинтэй уулзахаар явж байхдаа Украинд энх тайван байдал тогтоож чадахгүй бол сэтгэл дундуур байх болно хэмээн ярьж байжээ.
Гурван цаг шахам үргэлжилсэн уулзалтынхаа дараа гал зогсоох тухайд “Бид сая ийм тохиролцоонд хүрсэнгүй” гэж Трамп хэлсэн байна. Путинийг Аляскаас үдэж гаргачихаад “Fox news”-ийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Асуудлыг Путин шийдэх хүсэлтэй байна, Орос, Украин хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхон байна” гэсэн хэрнээ тэрбээр Путин чухам юуг зөвшөөрснийг хэлсэнгүй. Тэгээд “Ажил хэрэг одоо Ерөнхийлөгч Зеленскийгээс шалтгаална” гэж мэдэгдэв. Зеленский, Путин хоёрыг уулзуулах ажлыг энэ долоо хоногт ч зохион байгуулахад АНУ-ын Ерөнхийлөгч бэлэн байгаа аж. Тэднийг уулзах тухайд би юм хэлэхгүй. “Тэднийг уулзахад би байх, эсэх нь гол биш, ийм уулзалт болно гэдэгт итгэхийг хүсэж байна” гэж Трамп хэлснээс уулзалтыг Москва, Киевийн аль нь зохион байгуулах нь тодорхойгүй үлдэв.
Украины аюулгүй байдлын баталгааны асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж Трамп мэдэгджээ. Мөн Путинтэй тохиролцохыг Зеленскийд зөвлөснөө бас энд хэлэв. НАТО-гийн төв байрны ахлах ажилтан Эдвард Ронгийн бодлоор “Украины газар нутгийг солилцох” талаар Трамп санал нэгдээгүй нь чухал алхам болсон байна. Оросын хувьд Украины дайнаас илүү өргөн хүрээтэй асуудал ярих бодолтой байсан ч Америкийн хувьд хэлэлцэх цорын ганц асуудал Украин байв гэж Ронг хэлсэн байна. “Украинд муу ямар нэг тохиролцоо хийгээгүй нь сайн мэдээлэл” гэж Төрийн Департаментад 40 жил ажиллахдаа АмерикОросын харилцааны асуудлыг эрхэлж байсан Америкийн дипломат бодлогын ахмад зүтгэлтэн Дэниел Фрид сэтгүүлчид хэлжээ. Фридийн үгээр бол Путин ямар ч буулт хийсэнгүй. “Трамп бүгдийг сайн сайхнаар харуулахыг хичээсэн ч түүндээ хүрсэн, эсэхийг бүү мэд. Кремль тохиролцоход бэлэн байна гэсэн Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткоффын эндүү мэдээллээс үүдсэн санаа байх. Эсвэл Путин бүгдийг төөрөгдүүлж, эсвэл Уиткофф түүнийг буруу ойлгож, Орос тохиролцоонд бэлэн бус байжээ” гэж Фрид үзэж байна.
Уулзалтын дараах хэвлэлийн бага хурлыг Путин нээгээд өөрийн бэлтгэсэн үгийг сэтгүүлчдэд уншив. “Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол дайн гарахгүй байсан гэж Ерөнхийлөгч Трамп хэлэхийг өнөөдөр бид сонслоо. Тэгэх ч байсан болов уу гэж би бодож байна. Ерөнхийлөгч Трамп бидний хооронд ажил хэрэгч, итгэлцсэн сайн харилцаа бий болсон. Энэ замаараа явсаар бид Украин дахь зөрчил тэмцлийг аль болох түргэн дуусгана гэж үзэх үндэслэл надад байна” гэж тэрбээр хэлжээ. Трамп олны өмнө үг хэлж, хэвлэлийнхэнтэй харилцах дуртай ч энэ удаад Путинийг сэтгүүлчдийн асуултад хариулахад саад хийж, үгээ хэлчихээд тэд хоёул араас нь асуулт тавьж хашгиралдах сэтгүүлчдийг хайхралгүй гарч явав. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ байдлыг удирдагчид “хангалттай мэдээлэл хийсэн” хэмээн тайлбарлаад чимээг намдаав.
Энэ дээд хэмжээний уулзалтыг Украин, Европын хувьд хэрхэн тайлбарлах нь ойлгомжгүй байна гэж ВВС-гийн улс төрч Евгений Рошин үзэж байна. Украин, Европын ямар ч асуудлыг шийдсэнгүй. Уулзалт хийж, шинэ уулзалтууд хийхээр амлаад анхаарлын төвд үлдэх нь Трампад хэрэгтэй байсан бол энэ зорилгодоо хүрлээ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европын асуудлаарх туслах байсан Жеймс О’Брайн хэллээ. Түүний үзэж буйгаар Путиний хувьд санасандаа хүрэх боломж нээгдлээ, энэ тухай Трамп юу бодож буй нь ойлгомжгүй, тэрбээр байр сууриа эргэж харж ч магадгүй аж.
Путинтэй хийсэн уулзалтын дараа хой¬ших уулзалтад бэлтгэх талаар Трамп нэг бус удаа ярьжээ. Тэгвэл улаан хивс, сөнөөгч онгоцнуудын хүндэтгэлийн цуваа, Ерөнхийлөгч нар лимузин машинаар хамт явсан зэрэг нь Украин дахь дайнд Цагаан ордны баримталж буй байр суурь Кремлийн байр суурьтой ойртож буйг харуулж буй юм биш үү хэмээн энэ уулзалтыг ажиглаж байсан украинчууд болгоомжилж байна. Аляскад Путинд үзүүлсэн халуун дотно байдалд урам хугарснаа АНУ-д Украины Элчин сайдаар ажиллаж байсан Валерий Чалый илэрхийлжээ. “Хэн нэгэн, бодвол сэтгүүлчид байх, иргэдийг алахаа болих уу гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд Путинээс асуухад тэрбээр сонсогдсонгүй гэх байдлыг гарынхаа хөдөлгөөнөөр илэрхийлэв. Энэ бүхнийг харахад дургүй хүрмээр байв”.
“Халуун дотноор угтах, улаан хивс, Трампын машинд суусан Путин энэ бүхэн украинчуудад таагүй харагдах ч Трампын арга барилын хувьд дадал болсон, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, Саудын Арабын угсаа залгамжилсан хунтайж Мухаммед ибн Салман болон өөр бусад хэн нэгэн шиг нөхөрсөг, сайн сайхныг хүссэн, зочломтгой байхыг тэр (Трамп) хичээдэг” гэж мөнөөх Эдвард Ронг хэлсэн байх юм.
Гэхдээ Киевийн үзэж буйгаар сүйрэл болсонгүй. Дональд Трамп, Владимир Путин хоёр энэ түүхэн уулзалтаар Украин дахь дайныг дуусгах тухайд санал нэгдэж нийлсэнгүй. Путиний хувьд Украин дахь дайнтай холбоотой асуудлыг төдийгүй ЗСБНХУ задарсны дараа бий болсон олон улсын харилцааны тогтолцоог үндсээр нь өөрчлөх хэтийн төлөв чухал асуудлын нэг байв. Москва өөрийн “түүхэн нөлөөллийн хүрээнийх” гэж үздэг орнуудыг бүрэлдэхүүндээ оруулахгүй байх баталгааг бичгээр өгөхийг 2021 онд НАТОгоос шаардаж байсан аж. Трамп, Путин хоёрын аль аль нь Аляскад энэ асуудлыг хөндөх, эсэхийг хэлсэнгүй. Харин Украины асуудлыг шийдэхийн тулд “хямралын анхдагч шалтгааныг зайлуулах ёстойг” Путин санууллаа. ЗСБНХУ-аар бахархдагаа, том орнууд дэлхийг нөлөөллийн бүсээ болгон хуваадаг олон улсын харилцааны энэ загвар руу буцаж очихыг хүсдэгээ Оросын Ерөнхийлөгч хэзээнээс нууж байгаагүй юм. Ийм шаардлага Европын аюулгүй байдлын одоогийн тогтолцооны зүрхэн тус газар нь цохидог юм. Украины дайныг нутаг дэвсгэрийн маргаан төдийгүй дэлхийн бодлогод бүтцийн өөрчлөлт хийх хөшүүрэг болгож ашиглахыг Путин дахин хичээж байна. Путин хэлсэн үгэндээ “Биднийг далай заагладаг ч үнэндээ ойрын хөршүүд. Бидний хооронд ердөө Берингийн хоолой л байна” гэж Орос, Америк хоёр ойр гэдгийг онцоллоо. Америк, Орос хоёрын газар нутгийн зах ердөө 3.8 километр зайтай оршдог юм байна. Орос, Америкийн хоорондын хил Аляскаар дайрдаг, хоёр орны эдийн засгийн эрх ашиг ч Арктикт огтлолцдог аж.
Эцэст нь сонирхуулахад, Дональд Трамп, Владимир Путин хоёр анх 2019 онд уулзаж байжээ. Аляскийн Анкориж хотод Трамп арай түрүүлж ирээд онгоцондоо хүлээж байгаад эхлээд Трамп, дараа нь Путин шатаар буун уулзсан байна. Тэдний уулзалт явцуухан хүрээнд Москвагийн 10.32 цагт эхэлж хоёр цаг, 45 минут үргэлжилжээ. Оросын талаас Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков, Америкийн талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай элч Стив Уиткофф нар уулзалтад оролцов. Оросын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов, Сангийн сайд Антон Силуанов, Путинийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев нарыг уулзалтад оролцуулахаар төлөвлөж байснаа больж. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс ч Аляскад ирээгүй аж.
Аляск руу нисэж явахдаа Трамп уулзалтаас юу хүлээж байгааг нь сэтгүүлч Брет Байер сонирхоход Украиныг төлөөлж хэлэлцээр хийхгүй, гэрээ байгуулахгүй, Путинтэй дахин уулзах хөрсийг бэлтгэх, түүнд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг оролцуулахыг хүсэж байна гэж хэлжээ. Тэгэхдээ хэлэлцээр болохгүй, Путинтэй дахиж уулзахгүй байхыг ч бас үгүйсгэсэнгүй.
Ойрын үед Украинд Оросын өгч буй цохилтыг Трамп “Уулзалт дээр энэ нь байр суурийг нь хүчтэй болгоно гэж Путин бодож байх шиг, би түүнд хор болно гэж бодож байна” гэж хэлсэн байна. Аляскад Трамп, Путин хоёр уулзаж буй нь Стив Уиткоффын Москвад хийсэн тав дахь айлчлалын үр дүн гэж үзэж байна. Аляскаас Вашингтон руу буцаж явахдаа Трамп Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар удаан ярилцсан гэж хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт нь мэдээлжээ. Тэдний ярианд Европын улс төрчид: Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Германы Канцлер Фридрих Мерц, Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар бас оролцсон байна. Зеленский даваа (өнөөдөр) гаригт Вашингтонд очиж Трамптай уулзахаар төлөвлөж буй юм байна.
Америкийн газар нутаг дээр улаан хивс дэвсүүлэн, Трамптай нөхөрсгөөр уулзан гар барьж, машинаар нь хамт явсан нь Путиний хувьд том амжилт гэж хэвлэлд бичсэн байна. Дээд хэмжээний уулзалтын үр дүнд санал хуваагдаж, тодорхой бус байдал бий болголоо, нүдэнд харагдах амжилт алга гэж гадаадын хэвлэлүүдэд бичиж байна. Харин Путин “дипломат хүрээлэлд буцаж орж ирсэн нь үнэлэхүйц үр дүн” гэж тэмдэглэсэн байна.
Р.Жаргалант