“Түмэн шувуут” ХК мазаалай баавгайд зориулж тусгай тэжээл туршилтаар үйлдвэрлэжээ. Энэ нь Монголын “Улаан ном”-д орсон нэн ховор амьтан мазаалай баавгайг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй ажил гэдгийг компанийн удирдлага нь дурдав.
Тус компани малд зориулан “Хурд”, “Бондгор”, “Сүүт”, “Тарга” зэрэг хөдөө аж ахуйн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийслэл болон орон нутагт нийлүүлж ирсэн бөгөөд энэ жил анх удаа зэрлэг амьтны тэжээл үйлдвэрлэжээ. Говийн баавгайн тэжээлийн орц, найрлагад витамин минералууд, үл орлогдох аминхүчил, эрдэнэ шиш, овъёос, шар буурцгийн болон шахдас, тос, яс махны гурил зэрэг багтжээ. Үйлдвэрийнхэн шинэ бүтээгдэхүүнээрээ амьтны хүрээлэнгийн хүрэн баавгайг тэжээж, үр дүнг нь судалж байна.
Н.Мишээл