Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс авсан саналын нэгдсэн дүн, статистик гарчээ. Санал асуулга энэ сарын 1-15-нд үргэлжилж, орон даяар нийт 189 752 хүн оролцсон байна. Тэдний 99 хувь нь И-Монголиа систем, бусад нь 11-11 төвийн утсаар болон танхимаар саналаа өгсөн аж. Нийт санал өгсөн иргэний 50 хувийг 18-34, 45.6 хувийг 35-54, 4.4 хувийг55-аас дээш насныхан эзэлжээ. Залуу үе улсынхаа төсөвт ийнхүү анхаарч, буруу, зөвийг шүүхэд оролцсон байх нь. Ийнхүү улсын төсвөө боловсруулахад олон нийт анх удаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр хувь нэмрээ оруулжээ.
Тэд эрүүл мэнд, боловсрол, цахилгаан дулаан, замын салбарт төсвийн мөнгийг түлхүү хуваарилах нь зөв гэж үзсэн юм. Эсрэгээрээ нийгмийн халамжийг бууруулж, төсвийг хэмнэх ёстой гэсэн байна. Мөн соёл, спорт, аялал жуулчлал, барилга, хууль зүйн салбарт ч хэмнэлт хэрэгтэй гэв. Төсвийн үр ашгийг сайжруулахын тулд төрийн захиргааны зардлыг бууруулах нь зөв гэж оролцогчдын 27.6 хувь нь санал өгчээ. Төрийн өмчит компанийн зардал, албан хаагчдын орон тоог бууруулах шийдлийг мөн хэлсэн байна. Ирэх онд шинээр эхлүүлэхгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтын жагсаалтыг соёлын төвүүд эзэлжээ. Илүү чухал салбар олон байхад соёлын төв барихад тойргоос сонгогдсон гишүүд үргэлж өндөр ач холбогдол өгч ирсэн. Үүнийг буруутгаж буйгаа иргэд үүгээр баталсан байна. Харин сургуулийн дотуур байр, барилга, инженерийн шугам сүлжээг “тэвчиж болно” гэж үзсэн байх юм.
Иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьдрал, үйл ажиллагаанд хамгийн их дарамт үүсгэж буй татварын ачааллыг бууруулах ёстой гэж оролцогчдын 33.6 хувь нь санал нэгджээ. Мөн татварын буцаан олгох хувь, хөнгөлөлтийг нэмэх, орчныг сайжруулахыг зөвлөсөн байна. Улмаар багш, эмч нарын цалинг нэмэх, төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сургууль цэцэрлэгийн тоог нэмж, боловсролын чанарын ялгааг арилгаач гэсэн хүсэлт тавьжээ.
С.Уул