Сав газрын захиргаад хариуцсан нутаг дэвсгэртээ усны тооллого, судалгаа хийж, гол, нуурын усны түвшин, мөнх цас, мөсөн голуудын талбайн хэмжээ эрс багассан талаарх таагүй статистик мэдээг сүүлийн өдрүүдэд ээлж дараалан хүргэсээр байна. Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааныхан Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханы мөнх цасны хэмжээ 2005 оны буюу 20 жилийн өмнөх үеийнхээс 84.2 хувиар буурсныг мэдээллээ. 2005 онд хийсэн судалгаагаар тус хайрхан дахь мөнх цасны талбай 220.6 га байж. Тэгвэл өдгөө 34.7 га хүртлээ багасжээ. 2015 оноос хойш гэхэд л талбайн хэмжээ нь 30 орчим хувиар буюу 11.7 га-гаар буурсан аж.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр мөнх цас, мөсөн гол, цэвдэг эрчимтэй хайлж байгаа нь гол, нуурын усны түвшин, урсац багасах, нөөц хомсдох үндсэн шалтгаан болж буйг усны мэргэжилтнүүд дурдав. Отгонтэнгэр хайрханы мөнх цасны усыг Завхан голоор дамжуулан Гэгээн нууранд хуримтлуулж буй ч Хангайн нуруунаас эхтэй олон гол, горхины үндсэн тэжээгдэл тасрах аюулд хүрснийгУсны газрын дарга З.Батбаяр хэлэв.
Н.Мишээл