Энэ тухай шаардлагыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Баатархүү, Б.Түвшин нарынхүннамынхаа Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны дарга, гишүүн О.Амгаланбаатарт өчигдөр гардуулжээ. Үүнийг ҮБХ-ны 168 гишүүн нь дэмжиж, гарын үсгээ зурсан юм байна.
УИХ-ын сонгуулиар АН парламентад 42 суудал авсан. Иргэд тэднийг хүчтэй сөрөг хүчин хий гэсэн сонголт өгсөн билээ. Эл үүргийг эдүгээ тэд биелүүлж буй. Гэхдээ иргэдийн эрх ашгийн төлөө хүчтэй сөрөг хүчин байж ажиллахын тулд намын дотоод бүтэц, зохион байгуулалтаа яаралтай шинэчлэх ёстой гэж тэд үзжээ. Үүний дараа нийгэмд тулгамдсан авлига, эдийн засгийн уналт, данхар төрийн гаж тогтолцооны эсрэг бодитой, хүчтэй тэмцэл эхлүүлэх ёстой гэсэн байна.
Гэвч АН-ынхан үндсэн дүрмээ шинэчилж, хэлэлцүүлэг хийж байна гэсээр хэдэн сарыг үдээд буй тул ийнхүү шавдуулжээ. Тус намын ҮБХ нийт 504 гишүүнтэй аж.
Мөн АН-ын ҮБХ-ны өөр хэсэг гишүүн Төрийн ордонд өчигдөр мэдээлэл хийж, шат шатны сонгуульд намаа ялуулсан дарга Л.Гантөмөр, генсек болон 15 дэд даргаа огцрохыг шаардав. Хамтарсан Засгийн газраас АН гарсны дараа дарга Л.Гантөмөр нь ажлаа өгөхөө мэдэгдсэн билээ. Тэгвэл эдгээр гишүүн нь “Одоо АН эзэнгүй байна. Мөн хариуцлага алдсан бүх шатны намын даргыг огцруулж, шинэчлэх ёстой” гэв.
С.Уул