Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өнгөрсөн жил оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлынхаа зардлыг албан татвараас хасаж тооцуулах боломж бүрдсэн. Тодруулбал, байгаль хамгаалал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчны тохижилт, асрамжийн үйлчилгээ, эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийг дэмжих тэтгэлэг зэрэг хуульд заасан тодорхой үйл ажиллагааг аж ахуйн нэгж хувийн зардлаараа санхүүжүүлсэн тохиолдолд тухайн жилийн орлогод ногдох татварыг нэг хүртэлх хувиар хөнгөлөхөөр тусгаж, 2024 оны наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү хуулийн заалттай холбогдуулан үндэсний томоохон компаниуд эрэлттэй, тэргүүлэх чиглэлээр их, дээд сургуульд элсэн суралцагчдад зориулсан тэтгэлгүүдийг зарлаад байна.
Хүнс үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тэсо групп” дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд тэргүүлэх чиглэлээр суралцах I-IV дамжааны оюутнуудад нийт нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг олгохоор болсноо зарлав. Нэг суралцагчид олгох сургалтын төлбөрийн тэтгэлгийн дээд хэмжээ нь хоёр сая төгрөг гэнэ. Энэ дүнгээр дундажлан тооцвол тус компани 500 оюутанд төлбөрийн дэмжлэг үзүүлэх аж. Тэтгэлэг горилогчдын материалыг энэ сарын 28 хүртэл хүлээж авахаар болжээ. Түүнчлэн барилга, гидрогеологийн салбарт танигдсан “Экотех проект” компани ШУТИС-д энэ жилээс нээж буй усны инженерийн ангид элсэгч нэг оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгож, бүх суралцагчийг цалинтай дадлага хийлгэхээр болжээ. Эл тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тухайн сургуулийн элсэлт хариуцсан албанаас болон хөтөлбөр хэрэгжүүлэгч компаниас авах боломжтой. Ташрамд дурдахад, Засгийн газраас баталсан эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад 121 чиглэл багтаж байна.
Н.Мишээл