Зам, барилга, инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх нэрээр нийтийн эзэмшлийн гудамж, талбай, ногоон байгууламжид дур зоргоороо халдаж сүйтгэдэг явдал Улаанбаатар хотод сүүлийн үед гаарлаа. Төрийн байгууллага, хувийн хэвшил гэлтгүй бүгд ийм зөрчил гаргаж байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, “Хангилцаг” ХХК Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг, “Хүннү-2222” хорооллын ойролцоо дулааны шугам сүлжээний ажил гүйцэтгэхдээ тухайн бүс дэх ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч сүйтгэн, нийтийн эзэмшилд халдав.
Тэндхийн оршин суугчид эртнээс энэ талаар нийгмийн сүлжээнд бичиж, холбогдох хүмүүст анхааруулан, ногоон байгууламжаа аврахын төлөө дуугарсан ч нийслэлийнхэн зөрчлийг шуурхай таслан зогсоож чадалгүй, албан даалгавар, мэдэгдэл хүргүүлж сүржигнэсээр хугацаа алдав.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон албаны бусад хүн өнгөрсөн амралтын өдөр тухайн газарт ажиллаад “Ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй устгасан зөрчлийг арилгуулж байна. Тус аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нд мод тарина гэлээ” хэмээн мэдээлжээ. Ниргэсэн хойно нь хашхирав гэгч болж. Хэрэв нийслэлийнхэн иргэдийн мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авдаг, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлуудад хяналт тавьж чаддаг байсан бол ийм нөхцөл үүсэхгүй байв. Нэгэнт устгасан ногоон байгууламжийг сэргээх боломжгүй. Тэгэхээр гаргасан зөрчлийг нь арилгуулахар ажиллаж байна гэдэг албаныхны тайлбар бол доромжлолоос ялгаагүй. “Эко дүүрэг” болох зорилготой хан-уулчуудын мод, бутыг хэсэг газарт хайр найргүй сүйтгэсэн “Хангилцаг” ХХК ЭХЯ-наас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх явцдаа ийм хорон үйл ажиллагаа явуулжээ.
Н.Буян