“ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягаас болж хохирсон гэх 300 гаруй иргэний төлөөлөл өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Иргэдийн төлөөлөл “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нь өөрийн хөрөнгө, орлогоонуун дарагдуулж, худал мэдээлэл өгсөн, хүнд өндөр хүүтэй мөнгө зээлүүлсэн зэрэг олон ноцтой асуудал бий. Дорнод аймагт барьсан “Элит тауэр” гэх 16 давхар барилгын 320 оршин суугчийн эрх ашиг энэ хүнээс болж зөрчигдөж буйд бид гомдолтой байна. Тэрбээр 1.2 тэрбум төгрөгөөр барилгын газарт хөрөнгө оруулсан гэдгээ мэдүүлээгүй. Тэгсэн хэрнээ эл барилгыг минийх хэмээн тайлбарладаг. Бас “Элит тауэр”-ыг барьсан гүйцэтгэгч компанитай маргаан үүсгэсний улмаас оршин суугчдын ордерыг гаргаж өгөхгүйд хүрчхээд байна. Хэрэв эл 1.2 тэрбум төгрөг түүнийх мөн бол энэ хүн хөрөнгө, орлогын мэдүүлгээ буруу өгсөн гэдэг шалтгаанаар эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Ерөнхий сайд Г.Занданшатар нар “Төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээг чандлан сахина” гэсэн. Уг амлалтаа энэ хүнээс л эхлэх хэрэгтэй. Ү.Төмөрхуягт төрийн албан хаагчийн ёс зүй алга. Тиймээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн түүнд хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь нэн даруй чөлөөлөх ёстой. Хэрэв чадахгүй бол бид Эрчим хүчний яамны урд жагсаал зохион байгуулж, цаашид тэмцлийн хурц хэлбэрт шилжин, өлсгөлөн зарлана” гэсэн юм.
У.Цэцэг