“Ханбогд кашимер” ХХК хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, малчдын хоршоодыг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтыг даван туулахад нь тусалж, үржлийн чанарыг сайжруулах зорилгоор нарийн ноолуурын чиглэлийн улаан ямааны 300 ишгийг Сүхбаатар аймгаас Өмнөговьд нутагшуулжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян сумаас ийм тооны төл худалдан авч, Өмнөговийн Номгон сумын “Лусын сэрчим” хоршоонд бэлэглэжээ.
Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн нарийн ширхэг бүхий монгол ноолуурын шинж чанар алдагдаж буйг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, ноос, ноолуур боловсруулагчид хөндөх болсон. Үүнтэй холбоотойгоор ноолуурын чиглэлийн монгол ямааг нэг бүс нутгаас нөгөөд сэлгэн нутагшуулах, үүлдэржүүлэх, төрөлжүүлэн өсгөх ажлыг шат шатны байгууллагынхан хийж буй. Тэгвэл “Ханбогд кашимер” энэ ажилд хувь нэмэр оруулах зорилгоор ийм санаачилга гаргажээ. Сэлгэн нутагшуулалтын үр дүнд цөм сүргийн болон ноолуурын чанар сайжирч, тогтвортой үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар дээшилнэ гэж тус компанийнхан үзэж байна.
Ж.Сувд