Улаанбаатар хотын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ. Юуны түрүүнд хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлээс сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн шугам сүлжээний засвар, тэдгээрийг дулаанаар хангах ажилд зориулж нэмэлт санхүүжилт баталсан байна. Тодруулбал, эдгээр ажилд шаардлагатай 6.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргажээ.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин энэ талаар “Нэмэлт санхүүжилтээр нийт 11 сургуулийн гаднах, есөн цэцэрлэгийн дотоод шугам сүлжээг засаж, шинэчлэхээр бэлтгэл ажлыг эхлүүллээ. Түүнчлэн долоон эмнэлгийн гадна шугам сүлжээг өргөтгөж, найман эмнэлгийн дотоод орчныг засварлана. Мөн уураар халдаг дулааны нийт 20 зуухыг шинэчлэхээр болсон. Ингэснээр ийм тооны сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийг нүүрсээр халаахаа больж, уурын зуухаар дулааныг нь шийднэ” гэсэн юм.
О.Оргилох