2023 онд шинэчлэн баталсан, Аялал жуулчлалын тухай хуульд “Аялал жуулчлалын бүсийг улсын, орон нутгийнх гэж ангилж тогтооно” хэмээн заасны дагуу улсын аялал жуулчлалын бүсийг тодорхойлох ажил үргэлжилж байна. Үүнийг ССАЖЗЯ-ны захиалгаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийнхэн хамтран гүйцэтгэж буй аж.
Улсын аялал жуулчлалын бүсийг тогтоосноор аялал жуулчлалыг нэгдсэн бодлогоор тогтвортой хөгжүүлэх, менежментийн төлөвлөлт хийх нөхцөл бүрдэх гэнэ. Мөн тус салбарын хөгжилд онцгой чухал нөлөөтэй байгаль, түүх, өв соёлын нөөц дурсгалыг хамгаалах бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлэх таатай хөрс суурийг бий болох нь.
Дээрх хоёр байгууллагынхан Улсын аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлалыг ирэх сарын 20-ны дотор батлуулахаар төлөвлөсөн бол Засгийн газар “Эдийн засгийн зорилтот хөтөлбөр”-ийн ТЭЗҮ-ийг батлахаас өмнө улсын аялал жуулчлалын бүсчлэлийн хил заагийг нарийвчлан тодорхойлсон баримт бичгээ салбарын яаманд танилцуулах зорилт тавьжээ. Энэ ажлын дараа орон нутгийн аялал жуулчлалын бүс тогтоох ажлыг хэрэгжүүлэх юм байна.
Ж.Сувд