УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас Ерөнхий сайд Г.Занданшатарт Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай холбоотой асуулга тавьсан байна. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг тэрбээр асуусан аж. Мөн аймаг, нийслэлийн хөгжлийн төлөвлөгөө нь тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг цогцоор тусгасан, эсэхэд хэрхэн хяналт тавьсныг мэдэхийг хүсжээ. Х.Баасанжаргал гишүүн энэ талаар “Ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа Засгийн газар УИХ-ын гишүүдээс хөрөнгө оруулалтын санал авсан нь парламентын хянан шалгах эрхийг хязгаарлаж, гүйцэтгэх засаглалаас хараат ажиллах нөхцөл үүсгэж байна. Аймгийн Засаг дарга нар дараагийн таван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө анхаарч ажиллавал хуулийн дагуу болно. Гэтэл жил бүр УИХ-ын гишүүдийн саналыг асууж, шийдэх нь утгагүй, бас хууль бус” хэмээн бичжээ. Улмаар асуулгадаа ирэх оны төсвөөр санхүүжүүлэх төсөл, барилга, байгууламж, арга хэмжээний санхүү, тооцоог эх үүсвэртэй нь уялдуулсан, эсэх, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу үнэлгээ, дүн шинжилгээ хийсэн, үгүйд хариулахыг хүссэн байна. Эл асуулгын ха¬риуг хуулийн дагуу 30 хоногт өгөх ёстой юм.
Мөн Засгийн газраас 2026 оны төсөвт олон нийтийн саналыг авсан. Дараагийн таван жилийн хөрөнгө оруулалтын эрэмбийг тогтооход эдгээр саналыг харгалзан үзэх нь зөв гэсэн байр сууриа тэрбээр илэрхийлжээ.
С.Уул