УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяаг эгүүлэн татах саналыг удахгүй болох Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хурлын үеэр гаргахаа АН-ын гишүүн Ж.Отгонбаяр мэдэгдэж, цөөнгүй хүн дэмжихээ илэрхийлжээ. Ц.Мөнхтуяа АН-аас жагсаалтаар парламентад сонгогдсон юм. Багш мэргэжилтэй тэрбээр боловсролын салбарынхны эрх ашгийг төлөөлж ажиллахаа тунхагладаг. Гэвч өнчин хүүхдүүдийн нэрээр хандив цуглуулж авсан байрны мөнгөнөөс хувьдаа завшсан гэдгээс эхлээд түүний талаарх саар мэдээлэл их. Энэ үед нь УИХын гишүүн асан З.Нарантуяа түүнийг эгүүлэн татах шаардлага тавьж байсан билээ. Мөн Ц.Мөнхтуяа гишүүн нийгмийн сүлжээнд ч бүдүүлэг үг, үйлдлээ нуудаггүй.
Тэрбээр уржигдар лайв хийхдээ “АН-аас сонгуульд нэр дэвшээд унасан хэдэн хүн байна. Би ямар урдуур нь орж, суудлыг нь булаасан биш. Жагсаалтын тэр хойно, 16 дугаарт бичигдээд хэдэн багш нарынхаа саналын буянаар гарч ирсэн. АН-ын буянд УИХ-д сонгогдсон юм байхгүй шүү” гээд чаддаг юм бол өөрийг нь эгүүлэн татаж, оронд нь гишүүн бол гэжээ. Сонгогчдын АН-д өгсөн саналын буянаар л энэ эмэгтэй УИХын өндөр босгыг алхсан. Гэвч ийнхүү намаа үгүйсгэсэнд нь, мөн түүний удаа дараагийн ёс зүйгүй үг, үйлдэлд эгдүүцсэн учраас АН-ын нэр бүхий гишүүд эгүүлэн татах санал гаргахаар болсон аж. Түүнчлэн ямар шалгуураар түүнийг гишүүн болгосныг тайлбарлахыг АНын даргаасаа шаарджээ. Ц.Мөнхтуяа гишүүний ёс зүйгүй үг, үйлдлийн талаар асуудал гарах бүрд АН-ын дарга Л.Гантөмөр өмөөрдөг. Гэхдээ олон гишүүн нь ийнхүү эсэргүүцвэл шаардлагыг ажил хэрэг болгох магадлалтай. Хэрэв түүнийг эгүүлэн татвал АН-ын жагсаалтын 17-д бичигдсэн К.Жандос УИХ-ын гишүүн болох юм.
С.Уул