Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн явцтай газар дээр нь танилцахаар олон улсын мэргэжилтнүүд иржээ. Тодруулбал, НҮБ, Байгаль хамгааллын олон улсын холбоо, Дэлхийн газрын тогтвортой менежментийн олон улсын сүлжээ зэрэг байгууллагын 20 гаруй төлөөлөгч энэ сарын 18-24-нд манай орны хээрийн бүсэд ажиллана. Тэд дээрх сангийнхны дэмжлэгтэйгээр уг төслийг дэлхийн хуурай, хээрийн бүсэд орших 11 орныг хамруулан хэрэгжүүлж буй аж.
“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийг Хэнтий аймгийн Баян-Адарга, Баян-Овоо, Норовлин, Дорнодын Хөлөнбуйр, Матад, Булган, Сүхбаатарын Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан сумд 2021-2026 он хүртэл хэрэгжүүлж байна. Төслийн багийнхан өнгөрсөн хугацаанд цагаан зээр, цэн тогоруу зэрэг нүүдлийн чухал төрөл, зүйлийн төллөх, амьдрах чухал орчин болсон тал, хээрийн бүсэд байгаль орчны асуудлыг харгалзсан, газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж байгаа гэнэ. Ингэснээр дээрх аймаг, сумын буюу Монгол орны нийт газар нутгийн 40 гаруй хувь нь нэгдсэн төлөвлөгөөтэй болсныг төсөл хэрэгжүүлэгчид хэллээ.
Зүүн бүсийн аймаг, сумын газар зохион байгуулалтын энэхүү төлөвлөгөөгөөр дамжуулан бэлчээрийн фотомониторингийн судалгаа хийж, үр дүнд нь тулгуурлан доройтсон бэлчээрийг өнжүүлэх, нөхөн сэргээх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж буй юм байна. Мөн малын чанар, угсааг сайжруулах, ногоон тэжээл тариалж, дарш бэлтгэх, тэжээлийн эргэлтийн сан байгуулах, малын жишиг саравч, хашаа барих зэрэг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуй эрхлэх олон загварт үйл ажиллагаа, технологийг зүүн бүсэд нэвтрүүлж буй гэнэ. Түүнчлэн зүүн бүсийн хөрсийг салхины элэгдэл эвдрэлээс хамгаалах, үржил шимийг нь нэмэгдүүлэх замаар газар тариалан эрхлэх боломж олгохуйц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Агаарын азотыг бичил биетнээр дамжуулан ургамалд ашиглах, хэлбэрт оруулах замаар хөрсний ялзмагийг богино хугацаанд нэмэгдүүлж буй сайн туршлагыг цаашид үндэсний хэмжээнд нутагшуулах ажлыг ч зохион байгуулах аж.
О.Ундрах