Математикийн бага, дунд ангиллын олон улсын олимпиадаас Монголын баг олон медаль зүүж, цом хүртсэн сайхан мэдээтэй. Тодруулбал, Вьeтнам улсын Да Нанг хотноо энэ сарын 14-18-нд зохион байгуулсан математикийн “VIMC-2025” олимпиадад манай улсаас нийт 32 сурагч оролцож, олон орны хүүхдүүдтэй өрсөлдөн, хувийн төрөлд есөн мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ. Мөн багийн төрөлд хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль зүүж, гаргасан нийт амжилтаараа цом гардсан байна. Монголын багийн бүрэлдэхүүнд багтсан, Гавьяат багш З.Бат-Эрдэнэ, нэгдүгээр сургуулийн математикийн багш О.Дарханбаяр, Т.Нямтогтох нар “Эх орноо төлөөлөн оролцсон бүх сурагч, Монголын багийн нэгдсэн бэлтгэлийг хариуцан ажилласан Ч.Сугардорж, Э.Эрдэнэбилэг багш нартаа, эцэг, эх, сургуулийн хамт олон, ивээн тэтгэсэн байгууллага, хувь хүмүүс, та бүхэндээ маш их баярлалаа. Ирэх жилийн “IMC-2026” олимпиадыг Монголд зохион байгуулах урилга өглөө. Амжилттай зохион байгуулах болтугай” хэмээжээ.
М.Гэгээ