Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, уулчин Б.Гангаамаа цахим орчинд нэгэн уриалга гаргажээ. Тэрбээр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт орших сүрлэг Алтай таван богдод аялж, авирахдаа уулсын үндсэн отогт ариун цэврийн байгууламж, хогийн цэг байхгүйгээс байгаль орчинд хор хохирол учирч буйг анзаарчээ. Тиймээс Алтай таван богдын үндсэн отогт бие засах хоёр байр барих, мөн хогийг нь цэвэрлэж, буулгах ажлыг энэ сарын сүүлийн долоон хоногт хийхээр болсноо өөрийн цахим сувгаараа мэдээллээ.
Иймээс Алтай таван богдыг түшиглэн үйлчилгээ явуулдаг иргэд, уулын клубүүд, аялал жуулчлалын компаниудыг хандивт нэгдэхийг, хамтран ажиллахыг тэрбээр уриалжээ. Хэрэв та уулчин Б.Гангаамаад туслах, хандив өргөхийг хүсвэл 99004444, 8009-7755 дугаарын утсаар холбогдох боломжтой.
О.Бат