Найруулагч П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” (A south facing window) богино хэмжээний кино 78 дахь удаагийн Локарно олон улсын кино наадмын уралдаант хэсэгт сонгогдон, өнгөрсөн ням гарагт нээлтээ хийснийг бид мэдээлсэн. Тэгвэл тус уралдаант хэсгийн дүн гарч, уг кино асуудлыг бүтээлчээр хөндсөн бүтээлүүдэд олгодог “Pardo verde-special mention” болон залуу шүүгчдийн тодруулсан шилдэг богино хэмжээний кино шагнал буюу “Junior jury award”-ыг тус тус хүртэв.
Энэ удаагийн богино хэмжээний кино уралдаанд дэлхийн 25 орны 40 бүтээл сонгогдон, шагналын төлөө өрсөлджээ. Тус кинонд Монгол, Франц, Хонконгийн 50 гаруй уран бүтээлч ажилласан ба “Урагшаа харсан цонх” хөндийрсөн харилцаагаа аврахаар хичээж буй залуу хос тулгамдсан асуудлаа хэрхэн даван туулж буйг уран сайхны аргаар өгүүлсэн байна. Найруулагч П.Лхагвадулам нь “Шилүүс”, “Есдүгээр сарын цас”, “Сэр сэр салхи” зэрэг бүтээлээрээ Канн, Торонто, Венецийн кино наадамд амжилт үзүүлсэн. Түүнчлэн 2023 онд “Screendaily” сэтгүүл түүнийг хүлээлт бүхий 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэж байсан юм.
Д.Идэр