“Alibaba international” компани өнгөрсөн даваа гарагт “Accio agent” хэмээх 50 сая борлуулагчийн өгөгдөл, нэг тэрбум бүтээгдэхүүний мэдээлэл бүхий жижиг, дунд бизнесүүдэд зориулсан AI хөгжүүлснээ танилцуулав. Дэлхийд анхдагч энэхүү систем нь ердөө хэдхэн минутын дотор борлуулагч олох, хэрэглэгчдийн зах зээл судлах, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн загвар боловсруулах үйлдлийг гүйцэтгэх чадвартай юм байна. Хэдэн долоо хоног шаардаж, олон хүний хүч, хөдөлмөр зарцуулдаг ажлын 70 хувийг дангаар гүйцэтгэх энэ хиймэл оюун бизнес эрхлэгчдэд тун ашигтай шийдэл болох төлөвтэй аж. “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн 40 орчим хувь нь нэг хүнээс бүрдэх компани байдаг бөгөөд ийм цаг, санхүү, хүний нөөцийн хувьд хязгаарлагдмал микро аж ахуйн нэгжүүдэд бусад зах зээлтэй өрсөлдөх томоохон давуу тал үүсгэж буй нь үр ашигтай шийдэл байж болох юм” хэмээн “Alibaba”-гийнхан онцолжээ. Хиймэл оюунд суурилсан цахим худалдааны зах зээл 2032 онд 37.7 тэрбум ам.долларт хүрэх гэнэ. Түүнчлэн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр өнгөрсөн онд дэлхийн худалдааны мөнгөн эргэлт 33 их наяд ам.долларт хүрч, дээд амжилт тогтоож байжээ.
Д.Сэлэнгэ